Өнөөдөр: 2024-03-29

Белла Хадид 14 настайдаа хамрын мэс засал хийлгэсэндээ харамсдаг

Загвар өмсөгч Белла Хадид олон жилийн турш гоо сайхны мэс засал хийлгэсэн гэдгээ үгүйсгэж байсан. Харин саяхан тэрээр 14 настай байхдаа хамрын мэс засал хийлгэсэндээ харамсаж буй талаар ярьжээ.

Хадид түрүүчийн долоо хоногт “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Би өвөг дээдсийнхээ хамрыг хэвээр нь үлдээсэн ч болоосой. Тэгсэн бол би өсч томроод хамартаа дуртай болох байсан" гэжээ. Тэр бол "Беверли Хиллсийн гэрийн эзэгтэй нар" киноны од асан Йоланда Хадид болон Палестины үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгч Мохамед Хадид нарын охин юм.  

2016 онд түүнийг Models.com сайтаас "Оны шилдэг загвар өмсөгч"-өөр шалгаруулсан ба дөрвөн жилийн хугацаанд Хадид олон улсын Vogue сэтгүүлийн нүүрэнд 27 удаа гарчээ.

Хадид уруул дүүргэлт, нүд өргөх, эрүүгээ багасгах мэс засал хийлгэсэн гэдгийг үргэлж үгүйсгэсээр ирсэн. Тэрээр хамрын мэс засал нь түүний хийсэн цорын ганц мэс ажилбар бөгөөд хүмүүс түүнийг өсвөр насны охин байхдаа памбагар мэт харагдах зургаас болж царайгаа "бүрэн" өөрчилсөн гэж үздэг тухай ярьжээ.

Хадид өөрийн эгч, 26 настай загвар өмсөгч Жижи Хадидтай хамт загварын салбарт ажилладаг.

"Би аймшигтай муухай гэж өөрийгөө боддог байсан. Би Жижи шиг нийтэч, эелдэг биш. Хүмүүс миний талаар ингэж хэлдэг байлаа. Харамсалтай нь хүмүүс олон удаа хэлэхэд үүнд өөрөө ч итгэдэг болдог."

Мөн Белла Хадид Victoria's Secret-ийн дотуур хувцасны загвар өмсөгчөөр ажиллаж байхдаа "хэзээ ч хүчирхэг байдлыг мэдэрч байгаагүй" гэжээ. Тэрээр "Өөртөө итгэлгүй, айдас түгшүүр, сэтгэл гутралтай, биеийн дүр төрх, хоол идэх асуудалтай, нийгмийн айдас түгшүүртэй охин яаж энэ бизнест орсон юм бэ?" гэж би өөрөөсөө үргэлж асуудаг байв. Гэхдээ энэ олон жилийн туршид би сайн жүжигчин болсон. Би үргэлж инээмсэглэж, эсвэл хүчтэй царай гаргадаг. Би бусдад цаг тутам өөрийгөө баталж харуулах ёстой мэт хичээдэг байсан.  

Хүмүүс миний гадаад төрх, хэрхэн ярьж, биеэ авч яваа байдлын талаар элдвийн юм ярьдаг. Гэхдээ долоон жилийн хугацаанд би нэг ч удаа ажлаа тасалж, ажлаа цуцалж, ажилдаа хоцорч байгаагүй. Хэн ч намайг ажил хийдэггүй гэж хэлж чадахгүй" гэжээ.  

Тэрээр өмнө 2016 онд InStyle-д өгсөн ярилцлагадаа мөн өсвөр насандаа өөрийгөө хачин царайтай гэж боддог байсан тухайгаа, биеийн онцлогоос болж дээрэлхүүлж байсан тухайгаа ярьж байжээ.