Өнөөдөр: 2024-03-28

Таван хошуу малын хишгийн ерөөл

Таван хошуу мал нь
Тал дүүрэн бэлчээд
Тансаг сайхан ургамлуудыг
Тайван чөлөөтэй идээшилнэ,
Эр цогтой залуучууд
Эргэж тойрч хариулна.
Эдийн засгийн баялаг
Эрхэм сүргээ үржүүлье.
Сүү сааль нь дан тос
Сүүл дэл нь цул алт
Алтнаас илүү үнэтэй
Ашигт мал сүргийг магтъя.
           Баруун талаар нь дүүрэн
           Барихад ороо
           Унахад номхон
           Уралдахад хурдан
           Учрахад бахтай
           Уул талыг бүрхсэн
           Улаан хээр адууны
            Хишиг буян дэлгэрэг.
Хойд талаар нь дүүрэн
Холбоо хоёр бөхтэй
Хонин хар нүдтэй
Ширээ тэгш бөхтэй
Шилдэг сайн ат
Шилдэг сайхан ингэ
Шилбэ бага тором
Шинэ гарсан ботго хүртэл
Шил уулыг бүрхсэн
Ширээ улаан тэмээний
Хишиг буян дэлгэрэг.
             Зүүн талаар нь дүүрэн
             Зүс улаан өнгөтэй
             Сэлэм хурц эвэртэй
             Шингэн урт сүүлтэй
             Үнэ ихтэй шарууд
             Үржил сайт үнээнүүд
             Зэлэнд байсан бяруунууд
             Жижиг хөөрхөн тугалууд хүртэл
             Тал уулыг бүрхсэн
             Үхэр их сүргийн
             Хишиг буян нь дэлгэрэг.
Урд талаар нь дүүрэн
Уянга сайхан дуутай
Урт богино эвэртэй
Хавтгай ууцтай
Халив сүүлтэй
Халзан цагаан хонины
Хишиг буян нь дэлгэрэг.
Доод талаар нь дүүрэн
Догшин ширүүн байдалтай
Янз маяг нь хөөрхөн
Янгир сайхан дуутай
Хадаар явах дуртай
Халтирч унахыг мэдэхгүй
Чанга сайхан биетэй
Чадамгай хурц туурайтай
Сагсгар урт ноостой
Сайхан зөөлөн ноолууртай
Тургиж цорволзох чимээтэй
Түрүүлж бэлчээрлэх ааштай
Ямаан сүргийн
Хишиг буян нь дэлгэрэг.
              Дээд талаар нь дүүрэн
              Данхар сайхан эвэртэй
              Данагар том биетэй
              Харжигнасан сайхан дуутай
              Саалиар их
              Савгаар өтгөн
              Сарлаг үхрийн
              Хишиг буян нь дэлгэрэг.
Энэ зургаан зүсний мал
Зогсолтгүй явж, зуу хүрч
Мятралгүй явж, мянга хүрч
Түдэлгүй явж, түм хүрч
Буцалтгүй явж, бум хүрч
Сааралгүй явж, сая хүрч
Онд зудгүй
Орчлонд аюулгүй
Эзэн хүн нь эмгэггүй
Эрхэм сүрэг нь гарзгүй
Төр улс нь бат.
Төрсөн эх орондоо
Түмэн ард бид
Хэзээд мөнх байхын
Түвшин сайхан ерөөлийг дэвшүүлье.

Эх сурвалж: Монгол ардын ерөөл, магтаал, зугаа үг – үгэн тоглоом, 1983

Сэтгэгдэл үлдээх

Anna Nikova
Wgwdqt

buy lipitor 20mg pills <a href="https://lipiws.top/">atorvastatin order online</a> buy atorvastatin 20mg for sale