
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд либерал Ардчилсан намаас нэр дэвшигч Мүн Жэ Ин ялан ирэх таван жилд тус улсыг удирдахаар боллоо. Тус улсын СЕХ өнөөдөр хуралдан сонгуулийн дүнг албан ёсоор зарласны дараа тэрбээр шууд ажилдаа орно.
Нийт саналын хуудасны 80 хувийг тоолсны дараах байдлаар, өдгөө 64 настай Мүн Жэ Ин сонгогчдын 41.1 хувийн буюу 13.4 сая сонгогчийн санал авчээ.
Харин консерватив үзэл баримтлалтай Солонгосын эрх чөлөөний намаас нэр дэвшсэн Хон Жүн Пё 25.5 хувийн санал авсан бол төвч үзэл баримтлалтай Ардын намаас нэр дэвшигч Ан Чол Су 21.4 хувийн санал авсан байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхтэй 42.4 сая хүнээс 32.8 сая нь энэ удаагийн ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд оролцжээ. Энэ нь сүүлийн 20 жилийн хугацаанд сонгогчдын ирц хамгийн өндөр байсан үзүүлэлт юм.
Сэтгэгдэл үлдээх