“Мулан” уран сайхны киног бойкотлох буюу үзэхгүй байх уриалгыг зарим улс орны иргэд гаргаад байна. Диснейн бүтээл тус кино энэ өдрүүдэд дэлхий дахинаа кино театруудад гарч байгаа бөгөөд манай улсад ч өнгөрсөн долоо хоногоос гарч байгаа билээ.
“Мулан” кино нь хятадын тархи угаалтын нэг хэлбэр гэж үзэж буй цөөнгүй хүн дэлхий даяар эсэргүүцлээ илэрхийлж байна. Хонгконгийн Ардчиллын төлөө тэмцэгч Жошуа Вонг өөрийн твиттер хуудсандаа Муланыг бойкотлох уриалга гаргасан нь түүнийг дэмжигч хэдэн мянган хүний дэмжлэгийг авчээ. Зөвхөн Хонгконгт ч биш Тайван, Тайландад ч улс төрийн шалтгаанаар тус киног эсэргүүцэгчид олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлж, зарим нь бүр тус киноны сурталчилгааны хуудсыг нурааж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулжээ. Тус киног эсэргүүцэгчид #BoicottMulan түлхүүр үг ашиглан дуу хоолойгоо илэрхийлж байна.
Үүнтэй зэрэгцэн Монгол улсын зарим иргэд ч энэ уриалгыг ашиглан өөрсдийн түүхээ хамгаалъя гэж байр сууриа илэрхийлж байна. Иргэн Ц.Уянга: Мөнгөтэй гүрэн түүхийг өөрсдийнхөөрөө гуйвуулахыг зөвшөөрч болохгүй гэсэн юм.
Энэ агуулгыг тодруулбал Мулан гэх түүхэн эмэгтэй байсан тухай домгийг Хятадууд дэлгэрүүлсэн ч Герман, Америк, Монгол судлаачид энэ түүхэн хүн бол Монгол удмын эмэгтэй байсан гэх судалгаа, таамаглалууд дэвшүүлдэг билээ.
Түүнийг Сяньбийн уналтын үед задарсан овог аймгуудын нэг болох Тоба Вей буюу Умард Вей аймгаас гаралтай гэж үздэг судлаачид байдаг. Монгол эрдэмтэд сяньбичууд генийн хувьд хүннүчүүдийн үр удам бөгөөд Хүннүгийн олон отог аймгийг нэгтгэн захирснаараа өнөөгийн монголчуудын генийн санг бүрдүүлсэн, монгол-тунгус холимог цустай, монгол хэлт аймаг байсан гэж таамаглаж иржээ.
Дэлхийн томоохон мэдээллийн агентлагууд ч “Мулан”-ы жинхэнэ түүхийн тухай болон одоо өрнөж буй Бойкот Мулан уриалгын талаар нийтлэлүүд бичиж байна.
Сэтгэгдэл үлдээх