Саналаа худалдвал мөнгөн торгуулиас гадна 5 жил хүртэл хорих ялаар шийтгэнэ

 Сонгуулиар мөнгө, эд зүйл тарааж сонгогчдыг худалдаж авах оролдлого хийдэг нь орон нутгийн сонгуулийг ч алгасахгүй нь бололтой. Мөнгө, эд зүйл тарааж байгаа гэсэн мэдээллүүд  хэвлэлээр гарч эхлэв. Тэгвэл мөнгө тараах, авах аль аль нь хариуцлага хүлээх хуультай юм. Түүнээс гадна саналаа худалдах нь  ямар хор уршигтай талаар уншигчдадаа мэдээлье.


Нийгэм улс төрийн боловсрол ТББ-ын гүйцэтгэх захирал, Улс төрийн шинжлэх ухааны доктор Б.Эрдэнэдалай Сонгогч саналаа худалдах нь ямар хор уршигтай тухай

“ Санал худалдан авалт өндөртэй, муу жишээ болж буй улсуудыг судлаад үзэхэд, эхлээд мөнгөөр сонгогчдын саналыг худалдаж авдаг.  Ингээд сонгогдсон төрийн түшээ сонгогчдын саналыг худалдан авахад зарцуулсан асар их мөнгөө олж авах, бүр илүү нугалан олж авахын тулд төрийн нэрийг барьж иргэдийн өмнөөс хууль бус үйл ажиллагаа руу ордог. Өөрт болон өөрийн бизнестээ ашигтай хууль батлуулах, “өөрийн хүмүүсийг” төрийн албанд томилуулах, төрийн худалдан авалтад нөлөөлөх, бизнесийн шударга бус өрсөлдөөн үүсгэх гээд нийгмийн олон асуудлыг үүсгэдэг.

Үүгээр зогсохгүй өндөр түвшний авлигатай холбогддог, төсвийн мөнгийг очих ёстой газруудад хуваарилахгүй өөр зүйлд зарцуулдаг, дундаас нь ашиг хонжоо хайдаг. Ингэхээр тэр улс орон ч хөгжихгүй, ард иргэд нь улам ядуурч, улам боловсролгүй болж, амьдрал нь дорддог. Сүүлд нь бүр хамгийн үнэ цэнтэй зүйл болох ардчиллын зарчмууд хэрэгжихээ больж, хүний эрх, эрх чөлөө гэдэг зүйл ч байхгүй болох уршигтай. Монгол Улсын ирээдүй ийм зүйлд уначих вий гэсэн санаа зовнил байгаа” гэж ярьж байв.

 Үүнийг товчоор, саналаа худалдах нь хүүхдийнхээ ирээдүйг хэдхэн төгрөгөөр зарж байгаатай адил хортой үйлдэл гээд ойлгочиход болно. Түүнээс гадна санал худалдаж авах болон, саналаа худалдах  аль аль нь хариуцлага хүлээх хуулийн заалттай.  

Иргэд хөрөнгө мөнгө, эд материалаар саналаа худалдахыг завдсан тохиолдолд мөнгөн торгуулиас гадна 5 жил хүртэл хорих ялаар шийтгэгдэх хуулийн заалттай.

Харин мөнгө, эд зүйл тарааж буйг хуулийн байгууллагад мэдээлбэл мөнгөн урамшуулалтай.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулинд:

81.5.Сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно.

81.6.Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан болох нь тогтоогдсон бол мэдээлэл гаргасан иргэн тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг гэм буруутай этгээдээс гаргуулахаар шаардах эрхтэй гэж заажээ.

Сэтгэгдэл үлдээх