Алтанбулагийн боомтыг бүрэн хаах эсэхийг маргааш шийднэ

Сүүлийн өдрүүдэд хойд хөршөөс ирж байгаа ачаа тээврийн жолооч нараас коронавирусийн халдвар илэрч байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт Алтанбулаг боомтоор дамжин ирсэн 10 орчим жолоочоос коронавирус илэрч, Монгол Улсын батлагдсан тохиолдол өдөр бүр нэмэгдэж байна. ОХУ болон манай улстай хиллэдэг Хиагт, Наушки зэрэг суурингуудад батлагдсан тохиолдлын тоо эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор ОХУ-тай хиллэдэг Цагааннуур, Боршоо боомтыг хаах шийдвэрийг  Засгийн газраас гаргасан.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг орон нутагт сайжруулах, Ковид-19 цар тахлын үед эмч, мэргэжилтнүүдийг халдвар хамгаалал, ажиллах орчинг сайжруулах, Алтанбулаг боомтод үүсээд буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица болон холбогдох албаныхан Сэлэнгэ аймагт ажилласан.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Алтанбулагийн боомтод явуулын лаборатори байршиж ажиллана. Ингэснээр алслагдасан хил залгаа боомтуудад тандалтын судалгаа, шинжилгээ хийх боломж бүрдэж байгаа юм. Дэлхий нийтэд цар тахлын хоёр дахь давлагаа эрчимтэй тархаж, улмаар манай хойд хөршийн мужуудад батлагдсан тохиолдол нэмэгдэж байгаа нь ийнхүү нөхцөл байдлыг өөрчлөхөд хүргээд байна. Сүүлийн 10 хоногт 9 ачаа тээврийн жолоочоос коронавирусын халдвар илэрлээ. Одоо бид халварын бүсэд ажиллаж буй мэргэжилтнүүддээ, хилтэй ойрхон оршиж буй 5000 гаруй суурин айлуудад анхаарал хандуулж, урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах шаардлагатай байна. Тиймээс хамгаалалтын хувцас, хэрэгслийг илүү сайжруулах, хүйтний улиралд зузаан хувцасныхааа гадуур өмсөхөд хялбар болгох, сорьцын шинжилгээг Сэлэнгэ аймагтаа шуурхай хийж, цаг алдалгүй гаргах нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр тус аймагт ажиллаж байна” хэмээн танилцууллаа.

Сэлэнгэд ажилласан Онцгой комиссын гишүүдээс Алтанбулагийн боомтыг түр хугацаанд хаах саналыг УОК-д хүргүүлж, улмаар зайлшгүй шаардлагатай ачаа тээврийг төмөр замаар дамжуулан авах зохион байгуулалтын саналаа аймгийн онцгой комиссоос УОК-д хүргүүлэхээр болов. УОК-ын шийдвэрийг маргааш Засгийн газрын хуралдаанаар эцэслэх юм.

Сэтгэгдэл үлдээх