Арванхоёрдугаар сарын төлөв: Цас ахиу орж, эрс хүйтэрнэ

Цаг уур орчны шинжилгээний газраас 2020 оны арванхоёрдугаар сарын цаг уурын төлөвийг нийтэлжээ.

Баруун (Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)

Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв)

Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)

Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Алтайн ар говийн баруун өмнөд хэсгээр ОЖД–аас 1.5 – 2°С хүйтэн, бусад нутгаар ОЖД–ийн орчим байна. Хур тунадас Алтайн уулархаг нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон хоёрдугаар арав хоногийн дундуур мөн гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 5 – 10°С–аар хүйтэрнэ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дундуур ихэнх нутгаар цас орох төлөвтэй байна.

Салхи ихэнх хугацаанд 4 – 8 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхээр  зарим газраар 12 – 14 м/с, Алтайн салбар уулсаар зарим үед 16 – 18 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байна. Хур тунадас Хангайн нуруу, Хөвсгөлийн уулсаар болон Хэнтийн нурууны зүүн талаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлээр, хоёрдугаар арав хоногийн дундуур болон сүүлээр  гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 5 – 10°С–аар хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн үе, хоёрдугаар арав хоногийн дундуур ихэнх нутгаар цас орно.

Салхи ихэнх хугацаанд 6 – 11 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхээр  зарим газраар 16 – 18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД – ийн орчим байх бол хур тунадас нийт нутгаар ОЖД–аас ахиу байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр, гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 5–10°С–аар хүйтэрнэ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орно.

Салхи ихэнх хугацаанд 7 – 12 м/с, нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр  зарим газраар 16 – 18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн    орчим байх бол хур тунадас нутгийн өмнөд хагаст ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар сэрүүснэ. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр зарим газраар бага зэргийн цас орно.

Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 15–17 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

ЗӨВЛӨМЖ

Энэ сард агаарын дундаж температур Алтайн ар говийн баруун хэсгээр ОЖД-аас хүйтэн, Тодруулбал / Увсын өмнөд, Ховд болон Говь-Алтайн хойд, Завханы баруун хэсгээр/ бусад нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй байна.

Хур тунадасны хувьд Хангайн нуруу, Хөвсгөлийн уулархаг, Хэнтийн нурууны зүүн хэсгээр мөн Дорнод талын ихэнх нутгаар ОЖД-аас ахиу бусад нутгаар ОЖД-ийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

Нэг дүгээр арав хоногийн эхэн болон сүүлээр хоёр дугаар арав хоногийн дунд үеэр болон сарын сүүлээр  ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3 – 5°С–аар сэрүүснэ. Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 15 – 17 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Нэмэлт мэдээлэл: Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд “зарим газраар”, 30-70 хувьд “ихэнх нутгаар”, 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд “нийт нутгаар” гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 00-аас бага болж хүйтрэхийг “цочир хүйтрэл” гэнэ.

Сэтгэгдэл үлдээх