Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын мэдээг хүргэсэн. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө.
Тэрээр “Арваннэгдүгээр сарын тусгай үүргийн нислэгүүдийг үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын даргын зүгээс цуцалсан байгаа. Иймд нислэгийн тийз баталгаажсан байсан иргэд мөнгө санхүү болон орон байрны асуудалд орсон байсан учраас Гадаад харилцааны яам Элчин сайдын яам руу чиглэл өгөн өнөөдрийн байдлаар 17 улсад 100 иргэн хүндрэлд орсон байгааг мэдээллийг нэгтгэн авсан. Эдгээр иргэдийн нислэгийн зардлыг даах зэрэг туслалцаа үзүүлэхээр ажиллаж байгаа.
Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн гадаадад гацсан иргэддээ туслалцаа дэмжлэг үзүүлсэн. Ялангуяа санхүүгийн хүндрэлд орсон 544 иргэнд дэмжлэг үзүүлж эх оронд нь авчирсан байгаа. Эдгээр иргэдийг татахад олон улсын байгууллагуудын дэмжлэг туслалцаатай нийт 2.1 тэрбум төгрөг зарцуулсан байдаг.
Өнөөдрийн байдлаар гадаад улс орнуудаас нэн яаралтай буцах хүсэлтэй байгаа иргэдийн тоо 2154 хүрээд байна. Тухайлбал, Европ тивээс 647 иргэн, Ази тивээс 1113 иргэн, Австрали тивээс 95 иргэн, Африк тивд 4 иргэн, Америк тивд 295 иргэн тус тус байна. Бид эдгээр иргэдийг нөхцөл байдалтайгаа уялдуулан ойрын хугацаанд 2-3 нислэг хийх боломжийг судалж байгаа. Тэгэхээр арваннэгдүгээр сард нисэхээр тийз нь баталгаажсан байсан иргэд одоо үйлдэгдэх нислэгийн тэргүүн ээлжид хамрагдана.
Арваннэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн БНХАУ руу гарах нүүрсний экспорт бага зэрэг хязгаарлалт тавьж эхэлсэн. Иймд гадаад харилцааны яам нүүрсний экспортыг тасалдуулахгүй байх тал дээр ажиллаж байна” гэлээ.
Сэтгэгдэл үлдээх