Жирэмсэн эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг вакцинд хамрагдахгүй байхыг зөвлөжээ

АНУ-ын Хүнс, эмийн хяналтын удирдлагын газрын Вакцин болон биологийн бүтээгдэхүүний Зөвлөх хороо пүрэв гаригт “Pfizer” болон “BioNTech” компаниудын хамтран боловсруулсан “COVID-19”-ийн эсрэг “BNT162b2” вакциныг яаралтай горимоор эмнэлзүйд нэвтрүүлэх зөвлөмж гаргасан.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар АНУ ирэх долоо хоногт багтаан энэхүү вакцинд яаралтай горимоор эмнэлзүйд нэвтрүүлэх эцсийн зөвшөөрөл олгож, масс дархлаажуулалтын хөтөлбөрийг эхлүүлэх хүлээлттэй байгаа юм. Гэсэн ч Зөвлөх хорооны хурлын үеэр зөвлөлийн хэд хэдэн гишүүд Их Британи улсад “BNT162b2” вакцины тунг тариулсан хоёр иргэнээс ноцтой харшлын гаж нөлөө илэрсэн явдалд анхаарал хандуулахыг шаардсан. Их Британи улсын хувьд энэ асуудлыг тодруулахаар вакцин хөгжүүлэгчидтэй хамтран нэмэлт судалгаа хийхээр болсон бөгөөд аюулгүй гэж тогтоогдох хүртэл харшилтай иргэдийг дархлаажуулалтын хөтөлбөрт хамруулахгүй байх зөвлөмж гаргасан билээ.

Тэгвэл вакцин хөгжүүлэгчид мягмар гаригт “BNT162b2” вакцины клиник туршилтын гуравдугаар үе шатны судалгаанд хамрагдсан оролцогчдоос илэрсэн түгээмэл гаж нөлөөний талаарх дүгнэлтийг танилцуулсан юм. Дүгнэлтэд дурдсанаар вакцины судалгааны явцад хүний биед ноцтой аюултай гаж нөлөө илрээгүй боловч 55-аас доош насны буюу дархлаа өндөртэй бүлгийн оролцогчдод вакцин тариулсан хэсэгт зовуурлах, булчин хүндрүүлэх, халуурах, толгой өвдөх зэрэг богино хугацааны шинж тэмдгүүд илэрсэн байна.

Тухайлбал, нийт судалгаанд хамрагдагсдын 84 хувьд нь тариулсан хэсэгт зовуурлах, 63 хувьд ядарч, сулдах, 55 хувьд толгой өвдөх, 38 хувьд булчин хөндүүрлэх, 32 хувьд ханиалгах, 24 хувьд үе мөч өвдөх, 14 хувьд халуурах шинж тэмдэг тус тус илэрчээ.

Тиймээс АНУ-ын Хүнс, эмийн хяналтын удирдлагын газрын мэргэжилтнүүд “BNT162b2” вакцины аюулгүй байдалтай холбоотой нэмэлт судалгаанууд хийгдэх хүртэл 16 ба түүнээс доош насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, ХДХВ-ийн халдвартай буюу дархлаа султай иргэд болон өмнө нь “COVID-19”-ийн халдвар авсан гэх дөрвөн бүлгийн иргэдийг дархлаажуулалтад хамрагдахгүй байх зөвлөмж гаргасан байна.

Сэтгэгдэл үлдээх