С.Ганбаатар: Монголын хамгийн гол хулгайч, дээрэмчин бол Сү.Батболд

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр /2021.03.15/ 11:30 цагт Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тэрээр "Өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар хүний эрхийн талаар маш их ярилаа. Монгол Улсад хүний эрх яагаад зөрчигдөж байна гэхээр дарга нар, улстөрчид хамгийн их хулгай хийж, үүнээс болж монгол хүн ажилгүй, орлогогүй байгаа болохоор хүний эрх маш их зөрчигдөж байна. Өнөөдөр хамгийн их хүний эрхийг зөрчиж байгаа хүмүүс бол УИХ-д байна. Тийм учраас би мэдээлэл хийж байна. Нэгдүгээрт, Англи улсын дээд шүүхийн шүүгч, Хатан хааны зөвлөх Марк Пеллинг гэдэг хүн Шүүхийн шийдвэр, дүгнэлт баримт бичиг гаргасан байна. Үүн дээр 227 хэрэг байж байна. Үүнийг ямар нэгэн худал мэдээлэл, гүтгэлэг гэж хэн ч хэлж чадахгүй байх. Англи, Хонконг, АНУ, Сингапур гэсэн дөрвөн улсын шүүхээс гаргасан баримт бичгийг би өнөөдөр УИХ-ын даргад өгнө. Энэ шийдвэр дээр Монгол Улсын Ерөнхий сайд нь өөрийнхөө улсын баялагийг бусад улсын хулгайч, дээрэмчидтэй нийлж хулгай хийснийг дүгнэж, шийдвэр гаргасан байгаа юм. Энэ мэдээлэл дэлхий дахинаа ил болоод байхад Монгол Улсын Засгийн газар, УИХ нь таг дуугүй сууж байна. Энэ нь өөрөө  гэмт хэрэг.

Хоёрдугаарт, Сү.Батболд хамгийн гол хулгайч, том дээрэмчин. Өнөөдөр тэр хүн прокурор, шүүгч нарыг дарамталж байна. Харин үүнийг мэдэхгүй царайлаад сууж байгаа УИХ түүхэнд шившиг болж үлдэнэ. Сү.Батболд Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Оюутолгой, Эрдэнэт үйлдвэр, Төрийн өмчит үйлдвэрийн газруудтай харилцаж, өөрт давуу байдал гаргаж, дүгнэлт гаргасан байсныг тус дүгнэлтэд бичсэн байсан.

Гуравдугаарт, улс эх орныхоо эрх ашгийг уландаа гишгэсэн Сү.Батболдыг дархан эрхээс нь татгалзуулах саналыг УИХ-ын даргад хүргүүлсэн. Тэр халдашгүй дархан эрхээрээ төрийн өмчит газруудад дарамт үзүүлсээр байна.

Дөрөвдүгээрт, УИХ-ын халдашгүй байдлын болон тусгай хяналтын дэд хорооны гишүүнээс Сү.Батболдыг түдгэлзүүлэх хүсэлтийг өнгөрсөн долоо хоногт гаргасан. Өнөөдөр мөн энэ асуудлыг шийдэж өгөөөч гэж УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж байна. Оюутолгойн 400 тэрбум, Тавантолгойн 320 тэрбум, Эрдэнэтийн 100 гаруй тэрбум долларын баялгийг буцааж авах тэмцэлд энэ удаа ялагдвал дахин ингэж шударгаар тэмцэх хүмүүс гарч ирэхгүй.

Сү.Батболдтой холбоотой Хонг Конг, Лондонгийн шүүхэд яригдаж байгаа шийдвэрүүдийг ярилцаач гэж хүсмээр байна. 12 жилийн дараа Оюутолгой Монголдоо ирэх боломж олдлоо. Үүгээр олон монгол хүн ажилтай болно" гэлээ.