"Зудын эрсдэл үүсэхийг холбогдох албаныханд сануулсан"

Улсын хэмжээнд малын хорогдол хоёр саяыг даваад буй.

Тодруулбал, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Төв, Архангай аймагт малын хорогдол хамгийн өндөр байна. Улсын Онцгой комисс болон аймгийн удирдлагууд шаардлагатай арга хэмжээг авч байгаа ч нөхцөл байдал хүнд хэвээр байгаа. Гэтэл “хаврын урт өдрүүд дуусах болоогүй байна” хэмээн малчид халаглан хэлж байна. Өнөөдрийн зудын нөхцөл үүсэх магадлал тун өндөр байгааг малчин иргэд, Онцгой байдлынхан, УИХ-ын зарим гишүүн өдөр бүр анхааруулж байлаа.

УИХ-ын гишүүн Н.Ганибал: Чуулганы индрээс зуд нүүрлэх гэж буй сануулгыг олон удаа хэлж байсан. Гэвч улс засаг анхааралдаа авч, өвөлжилтөд хангалттай бэлдээгүй нь өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд тодорхой боллоо. УИХ-ын чуулган, Байнгын хороодын хуралдаанд гишүүдийнхээ дэвшүүлсэн асуудалд шийдэл олохын тулд санал бодол, мэдээллээ солилцож, гаргалгаа гаргадаг байх нь чухал гэдгийг хатуу өвөл хатуухан сануулав.