Төрийн ажлыг гацаан байж, гишүүд тойрогтоо ажиллахыг илүүд үзэж байна

УИХ-ын хаврын чуулган гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийсэн ч  гишүүд нь тойрог руугаа гүйдэлтэй хэвээр чуулганы  үйл ажиллагаа гацсан байдалтай байна. Төрийн ордон ч эзгүйрч, Баянгын хороодын хурал ирц нь хүрэхгүйн улмаас хуралдаж чадахгүй чухал хуулийн төслүүд гацаад байна.

УИХ-ын дарга гишүүдээ ажилдаа ирэхийг уриалаад, сануулаад ч нэмэр алга. Гэтэл орон нутагт нөхцөл байдал хүнд байгаа нэрийдлээр тойрогтоо ажиллаж,  төрийн ажлыг орхин  байж  өөрийгөө таниулахыг санаархаж явна. Энэ удаагийн сонгуульд иргэдийг хариуцлагатай байхыг шаардана. Учир нь, 76 бус 126 гишүүн сонгохын тулд таван мандаттай аймагт гэхэд л 30-40 хүнээс сонголт хийх шаардлагатай болно. Толгой  эргүүлсэн урт жагсаалтаас сонгогчид хэн танихаа, мэдэхээ л дугуйлах нь лавтай.  Тиймдээ ч гишүүд өөрийгөө таниулах гаж ийнхүү улайрч, төрийн ажлыг үл ойшоон хойш тавиад  байна. Явах хүнд үхэр тугал нийлэх хамаагүй гэгчээр төрийн түшээд ч ийнхүү хударгагүй загнаж, УИХ-ын даргыг уур уцаарыг бараад байна. 

Угтоо бол тэд  нэн чухал хуулиудаа баталж, ажлаа цэгцэлж баймаар.Нийгмийн бодлогын байнгын хороогоор гепатитын Д вирусийн халдвартай иргэдэд үзүүлж буй тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Эрүүл мэндийн сайдын мэдээлэл, Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглалын судалгааны талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг тус тус сонсох байсан ч ирц хүрээгүйн улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороогоор таван асуудал хэлэлцэж, салбарын сайдын мэдээллийг сонсох байв. Сөрөг хүчин АН гишүүдийг чуулгандаа  суухыг шаардсан ч байдал хэвээрээ. Үүнээс төрийн түшээд ямархан ухамсар, ёс суртахуунтай гэдгийг нотлоод өгөх шиг. Амин хувиа хичээн тойрогтоо багаа дагуулан ажиллаж буй гишүүдийг УИХ-ын дарга хариуцлага тооцно, цалингаас нь хасна хэмээн анхааруулсан  ч хасуулсан таван төгрөгөөс илүү томсгосон тойрогтоо ажиллан, нэг ч болов хүнд өөрийгөө таниулах тэдэнд хамгаас чухал болоод байна. Хамгийн гол нь төрийн ажлыг үл тоон гацаан байж, амин хувийн ажлаа амжуулж яваа төрийн түшээдийг парламентын дарга нь ч үл дийлж, хэзээ ирж чуулгандаа суухыг тавчээртэй хүлээх болж байна.