Улс төрд нөлөө бүхий этгээд хээл хахууль авбал бүх насаар нь хорих ял онооно

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэрх гишүүдийн байр суурийг хүргэе.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Хөрөнгө орлогоо нотолж чадаагүй төрийн өндөр албан тушаалтнууд үг дуугүй хариуцлага хүлээж, нотолж чадаагүй орлогоо улсад хураалгадаг болгох шаардлагатай.  Хэвлэл мэдээллийн байгууллагаар гарч байгаа хэргүүдэд нэр холбогдсон хүмүүст ямар хариуцлага тооцох вэ. Нүүрсний  хулгай, хөгжлийн банктай холбоотой асуудлыг ярьж байна. Төрийн албыг төрлийн алба болгодог байдлаас салахын тулд өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Б.Энхбаяр: Авлигатай тэмцэх асуудалд парламент манлайлж ажиллаж байгаа. Авлига албан тушаалын гэмт хэрэгт улс төрд нөлөө бүхий этгээд хээл хахууль авбал бүх насаар хорих ялтай болсон. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуульд байгаа ялын хамгийн дээд хэмжээ. Парламентаас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг өнгөрсөн онд баталсан. Авлига ашиг сонирхлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.  Энэ өөрчлөлтөөр цаашид төрийн өндөр албан тушаалтан, улс төрд нөлөө бүхий этгээд  хоёр замыг л сонгоно. Та улстөрч болж ард түмний төлөө ажиллах гэж байгаа бол бизнесээ нэг мөр хая. Таны үр хүүхэд, гэр бүл төрийн худалдан авах тендерт оролцох хориотой. Эсвэл бизнес хиймээр байгаа бол улс төрд орж болохгүй. Мөнгөнд дуртай хүн байвал улс төрд орж болохгүй. Энэ хоёр замыг хослуулж сонгох боломжийг хаасан. Нэг үе парламентын гишүүдийн 90 орчим хувь нь Монголын топ бизнес эрхлэгчид эзэлж байсан. Ийм том хэмжээний зардлыг ямар аавын хүү, ээжийн охин даах вэ. Үүнийг мөнгөтэй хүн л даана. Тиймээс Улс төрийн намын тухай хуулийг шинэчилсэн, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь парламентын манлайлал өндөр байгаа. Цаашид авлигын үүр уурхай болсон эх ундаргууд дээр тогтолцооны өөрчлөлтийг хийнэ. Нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг байсан бол одоо хуурахаасаа өнгөрсөн.