Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын хуралдааны үеэр "Дөрвөн чөлөөлөлтийн нэг бол авлигын эсрэг чөлөөлөлт. Авлигын төсөөллийн индекс цаашаа яаж урагшлах ёстой вэ гэвэл авлигатай тэмцэх эрмэлзэл байх ёстой.

"Transparency international" хэдэн зүйлийг манайд зөвлөсөн. Авлигатай тэмцэх эрмэлзэл иргэний нийгмийн байгууллага, иргэд, олон нийтийн зүгээс байх ёстой. Дээрээс нь ял завших байдал ихсэж байна гэх шаардлага тавиад хэд хэдэн хуулийг батал гэж байгаа. Тиймээс  УИХ-ын даргаар ажиллаж байхдаа Засгийн газраас тухайн үед өргөн мэдүүлсэн Хөрөнгө хураах хуулийг батлах шаардлагатай гэдэгт би байр сууриа илэрхийлсэн.

Одоогийн Эрүүгийн хуулиар авлигын хөрөнгийг хурааж авах эрхзүйн орчин хангалттай биш гэдгийг иргэний нийгмийн болоод олон улсын байгууллагууд зөвлөж байна. Үндсэн ялын хажуугаар хөрөнгө хураахыг албадлагын арга хэмжээ байдлаар хэрэглэж байгааг зогсоож, эрх зүйн шинэчлэл хийх ёстой. Засгийн газраас өргөн бариад байгаа хуулийн төсөлд иргэний журмаар асуудлыг шийдэх буюу ялтай эсэхийг нь тогтоогоогүй байхад хөрөнгийг хураана гэдэг хууль зүйн техникийн хувьд зөрчилтэй гэж үздэг. Тиймээс Эрүүгийн хууль, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хууль, Авлигын эсрэг хуультай уялдуулж, нийтийн албан тушаалтны хөрөнгийг хураах хуулийг өргөн мэдүүлэх хэрэгтэй. Хууль зүй, дотоод хэргийн сайдад хөрөнгө хураах хуулийг ирэх долоо хоногт танилцуулж, тодорхой чиглэл гаргаж, УИХ-д өргөн мэдүүлэх бэлтгэл ажлыг хангахыг даалгаж байна" гэв.