Долоодугаар сарын 1-ний хар өдрийг хүсэмжлэхийн учир юу вэ?

Хэрэв энэ удаагийн сонгуульд МАН дахин үнэмлэхүй ялалт байгуулбал 2008 оны долоодугаар сарын 1-ний үйл явдал давтагдана. Ямар ч тохиолдолд МАН 30-аас дээш хувийн санал авах боломжгүй. Бодит судалгааны дүн ингэж л гарсан. МАН-ын рейтинг 10 хувьтай байгаа хэмээн АН-ын ҮБХ-ны гишүүн, Элчин сайд асан Ц.Сүхбаатар мэдэгдэх  боллоо.  

АН энэ удаагийн сонгууль булхай луйвраар дүүрэн болох гээд байна хэмээн удаа дараа хэвлэлийн хурал хийн мэдэгдээд байгаа. Гэтэл ҮБХ-ных нь гишүүн нь МАН 30 аас дээш хувийн санал авбал долоодугаар сарын 1-ний хар өдөр давтагдана хэмээн сануулж буй нь МАН үнэмлэхүй ялалт авсан тохиолдолд үймээн бослого дэгдээнэ  гэдгээ урьдчилан сануулаад байгаа хэрэг бус уу. Яг үнэндээ заналхийлэл шиг сонсогдож байна. АН улс төрийн хоёрдахь том хүчин. Тэд сонгогчдын эрхэд халдан МАН-д санал олноор өгвөл долоодугаар сарын 1-ний үйл явдал давтагдана шүү гэж ийнхүү айдас хүйдэст автуулах нь ямар далд санаа агуулаад байна вэ. Энэ нь дан ганц АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Сүхбаатарын үг бус намынх нь байр суурь, анхааруулга гэж ойлгогдохоор байна. 

Тиймдээ ч УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураах өдөр цагдаа, хүчний байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах ба Тагнуулын ерөнхий газар АН-ын энэхүү мэдэгдэлд анхаарлаа хандуулан, тайлбар авсан гэх мэдээлэл байна. 

Ард түмэн өөрийн итгэл үнэмшлээрээ сонгуульд саналаа өгнө. Харин 30 хувиас дээш санал авч болохгүй. МАН-ын рейтинг 10 хувьтай яваа хэмээн хаанаас гарсныг бүү мэд, судалгааны дүнгээр далайлган долоодугаар сарын 1-ний хар өдрийг байн байн сануулж, үймээн самуун хүсэмжлэхийн учир юу вэ?  2008 оны долоодугаар сарын 1-ний хар баасан гарагт олон залуус амь нас, эрүүл мэндээрээ хохирч, хэдэн зуугаараа  шоронд орж,  олон албан байгууллага эд хөрөнгөөрөө хохирч үлдсэн. Мөн албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчид ч амиа алдан улс орноороо их хохирол амссан. Үүнийг АН хүсэмжиллээ гэж үү?...