Ясүхиро Очи: Бид хариуцлагаас зайлсхийхгүй. Учирсан бүх хохирлыг барагдуулна

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн “Бичигтийн-Өндөр” нэртэй газар, улсын хилээс 45 км зайд аравдугаар сарын 8-ны өдөр ой хээрийн түймэр гарч, "Нөмрөгийн дархан цаазат газар"-ын 80 хувь нь шатсан юм. Мобиком компанийнхны буруутай үйлдлээс эл түймэр гарсан ба тэднийг хариуцлагаа хүлээн хохирол барагдуулахыг иргэд шаардсаар байсан юм.  ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн "Буруутай хүмүүсээр хохирлыг бүрэн барагдуулж, хариуцлагыг нь хүлээлгэнэ" гэдгээ мэдэгдсэн.  Харин Мобиком компанийн Гүйцэтгэх захирал Ясүхиро Очи "Түймрийн улмаас байгаль орчинд хохирол учирсанд бид гүнээ харамсаж байна. Ясүхиро Очи миний бие Мобиком компанийн нэрийн өмнөөс болон өөрийн зүгээс чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна. Бид хариуцлагаас зайлсхийхгүй. Хохирлын хэмжээ, холбогдох байгууллагуудын шалгалтаар тогтооно. Бид энэхүү үйл ажиллагаанд бүх талаар хамтран ажиллаж, шалгалтын үр дүн болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд учирсан хохирлыг барагдуулахтай холбоотой шаардлагатай бүх арга хэмжээг авах болно.

Гал унтраах ажиллагаанд оролцсон, онцгой байдлын алба хаагчид, байгаль хамгаалагчид, орон нутгийн иргэд, удирдлага болон туслалцаа үзүүлсэн хүн бүрд гүн талархал илэрхийлье" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх