БНХАУ-ын Засгийн газрын Сахилга бат, шалгалтын хороо энэ оны гуравдугаар сараас эхлэн төрийн өмчит дотоодын нүүрс олборлогчдын 20 гаруй жилийн үйл ажиллагаанд шалгалт явуулж эхэлсэн.
Хятадын дотоодын хэд хэдэн нүүрс олборлогч компаниуд сүүлийн жилүүдэд батлагдсан хүчин чадлаасаа давсан хэмжээгээр олборлолт хийсэн, зөвшөөрөлгүй хууль бусаар үйлдвэрлэл явуулсан зэрэг асуудалд орох болсон. Харин Бээжингээс хийж буй өргөн цар хүрээтэй шалгалтын улмаас Хятадын төрийн өмчит нүүрсний уурхайнууд батлагдсан хэмжээнээс илүү олборлолт хийхээс зайлсхийх болсон нь тус улсад нүүрсний эрэлт өсөхөл голлоон нөлөөлж байгаа юм байна.
Өнгөрсөн баасан гаригт ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар Бээжин төрийн өмчит “Inner Mongolia Mining Group” компанийн удирдлагуудыг шалгаж эхэлсэн талаар мэдээлсэн. Зах зээлийн судалгааны “Argus Media” компанийн тайланд дурдсанаар Өвөр Монголын төрийн өмчит уул уурхайн компаниудад шалгалт үргэлжилсээр байгаа тул ирэх саруудад нүүрсний нийлүүлэлт нэмэгдэхгүй, хэвээр хадгалах төлөвтэй байгаа нь зах зээлд түгшүүр бий болгоод байгаа аж.
Хятадын хоёр дахь том нүүрс олборлогч муж болох ӨМӨЗО-нд энэ оны турш ноцтой торгууль, шийтгэл ногдуулж болзошгүй мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсэн нь бүс нутгийн хэмжээнд нүүрсний үйлдвэрлэл буурахад нөлөөлсөн байна. Тухайлбал, Өвөр Монголд оны эхний арван сарын байдлаар 801.27 сая тонн нүүрс олборлосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.4 хувиар буурсан үзүүлэлт юм. Орон нутгийн нүүрс олборлогчид энэ онд Өвөрмонголын нүүрсний олборлолт өмнөх оныхоос дор хаяж 100 сая тооноор багасна гэж тооцсон байна.
Харин Хятадын хамгийн том нүүрс олборлогч бүс нутаг болох Шаньси мужийн уурхайнууд энэ оны эхний 10 сарын байдлаар 867.29 сая тонн нүүрс олборлосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.1 хувиар өссөн үзүүлэлт аж. Мөн Хятадын өөр нэгэн томоохон нүүрс олборлогч бус нутаг болох Шэньси мужийн нүүрс олборлогчид оны эхний 10 сарын байдлаар 554.04 сая тонн нүүрсний гарцтай байгаа нь өмнөх оноос 8.1 хувиар өсжээ.
Гэсэн ч Австралийн нүүрсний хориг, Монгол Улсад коронавиурсийн халдварын тархалт эрчимжсэн зэргээс шалтгаалан Хятадын нүүрсний зах зээлд хомстол үүсээд байгаа юм. Хятадын нүүрсний татан авалтын оргил үе болох өвлийн улиралд ийнхүү дотоодын хомстол үүсэж, хатуу эрэлт бий болсон нь Өвөр Монголын нүүрс олборлогчдын олборлолтын хэмжээ буурсан ч өндөр үнээр нүүрсээ зарах боломжтой тун таатай нөхцөл байдлыг бий болгожээ.
Хятадын нүүрсний салбарын талаар дагнан бичдэг “sxcoal” сайтад мэдээлснээр тус улс Монгол Улстай хиллэдэг хойд боомтуудаа чангатгаж, нүүрсний тээвэр огцом буураад байгаагаас шалтгаалан нүүрсний ханш огцом өссөн байна. Тухайлбал, “Argus Media”-гийн долоо хоног тутмын нүүрсний үнийн тоймд дурдсанаар арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн байдлаар Хятадын хойд хэсгийн боомтууд дээр түүхий нүүрсний бодит ханш тутамд 102.47 ам.доллар хүрч өссөн нь 2018 оны зургадугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Сэтгэгдэл үлдээх