Засгийн газрын ээлжит хуралдааныг шууд дамжуулан үзүүлсэн. Хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэллээ.
Тэрээр “Бэлэн байдлын зэргийг бууруулах Засгийн газрын тогтоол гаргахад бэлэн болж байна. Өнөөдрийн бэлэн байдалд шилжсэн зэрэглэлийг арванхоёдугаар сарын 14-ний 06.00 цаг хүртэл сунгана. Ирэх долоо хоногийн даваа гаригаас эхлээд Улаанбаатар хотод өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлд шилжинэ. Нэг ёсондоо дэглэм буурч байна. Үүнтэй холбоотойгоор ямар арга хэмжээ авахыг Шадар сайд, хотын дарга маш тодорхой хэлээрэй.
Бидэнд байгаа хамгийн том вакцин бол хувь хүний сахилга хариуцлага. Цаашдаа хорио цээрийн дэглэмийг сулруулж байгаа учраас ард иргэдийн сахилга хариуцлага хамгийн чухал. Дараагийн шатанд нийт ард иргэдээ үе шаттай вакцинд хамруулах ажлыг хийнэ. Ерөнхий сайдын захирамжаар вакцины ажлын хэсэг байгуулсан. Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. ДЭМБ-аас зөвшөөрсөн чанартай, сайн вакцин оруулж ирэхийн төлөө ажиллаж байна. Эмч, эмнэлгийн ажилтан болон бусад төрийн албан хаагчиддаа талархал илэрхийлье. Цаашид анхаарах хэд хэдэн зүйл байна. УОК-т чиглэл болгож байна.
1. Эрүүл мэндийн салбарын хүчин чадал нөөцийн судалгааг дахин судалж, хүний нөөцийг хангах. Хэрвээ нөхцөл байдал хүндэрвэл бидэнд олон эрүүл мэндийн эмч, ажилтан хэрэгтэй.
2. PCR шинжилгээ хийх хүчин чадлыг нэг өдөрт 100 мянгад хүргэх. Лабораторийн хүчин чадал, урвалжийн нөөцийг 2-3 сараар бүрдүүлэх
3. Улс, нийслэл, аймгийн онцгой комисс, яам газруудад гаргасан шийдвэрийнхээ гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийж байх. Гаргасан шийдвэр заавал хэрэгжиж байх ёстой. Дунд, анхан шатан дээр гаргасан шийдвэр өөрчлөгддөг, нугалаа гардаг. Үүнээс болоод ард иргэд бухимддаг асуудал байгаа. Үүнийг таслан зогсоох ёстой.
4. ХӨСҮТ, хил гаалийн хяналтыг сайжруулах.
5. Цар тахлын талаарх бодит мэдээллийг иргэдэд цаг алдалгүй хүргэж байх
6. Мэдээллийн давтамжийг нэмэгдүүлэх. Иргэдэд өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэх
7. Бүх шатанд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ажлын хариуцлагыг сайжруулах. Ажил ацаглаж, ард иргэдэд бухимдал үүсгэж болохгүй
Монголчууд бид цөөхүүлхнээ. Би ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж байгаа. Хоёрт улс орны эдийн засаг. Тиймээс цар тахлыг амжилттай давж чадвал ард иргэдийнхээ амь насыг ч, бизнес эрхлэгчдээ ч хамгаалж чадна.
Шадар сайд Я.Содбаатар: Арванхоёрдугаар сарын 14-нөөс эхлээд бүх нийтийн бэлэн байдлын зэргээ өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлнэ. 14-нөөс эхлээд үйлдвэр, үйлчилгээний 34 төрлийн үйл ажиллагааг эхлүүлэх саналыг нийслэлээс ирүүлээд байгаа. Цаана нь 18 чиглэлийн үйлчилгээний байгууллага үлдэж байгаа. Мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаа хамгийн их тархалт өндөртэй баар, караоке, урлаг соёл, үзвэр үйлчилгээ, саун, бариа, массаж, фетнисс олон нийтийн арга хэмжээ, зочид буудал, үзэсгэлэн худалдаа, барааны захуудыг үе шаттай нээнэ. 10, 10 хоногийн хугацаатай нээнэ.
Сэтгэгдэл үлдээх