МАН дотооддоо хөлөө жийлцэн, бужигнаантай байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намын гишүүдээ удаа дараа гүтгэж, гүжирдсэн тул намаас хөөх ёстой гэж үзэн МАН-ын Бага хурлын гишүүн Б.Цогтгэрэл Тусгаар тогтнолын ордонд өнөөдрөөс сууж, Бага хурлын гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлжээ.
Бага хурлын 470 гишүүний 300-гийнх гарын үсэг цуглуулж, УИХ-ын гишүүн Б.Энхбаярт хариуцлага тооцох шаардлагыг МАН-ын Хяналтын хороондоо хүргүүлж, хэлэлцүүлэх юм байна. Хэрвээ энэ асуудлыг МАН-ын Хяналтын хороо хэлэлцэн шийдвэрлэхгүй бол тус хорооны даргад хариуцлага тооцно гэдгээ Б.Цогтгэрэл мэдэгдэв.
МАН-ын Хяналтын хорооны даргаар УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, Дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар ажилладаг ба тус хороо 21 гишүүнтэй.
МАН-ын Хяналтын хороо өнгөрсөн хугацаанд асуудлыг шийдэхээс зайлсхийж ирсэн. Тухайлбал, "Нүүрс"-ний хэргээс эхлээд "Ногоон автобус"-ны, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээл, Боловсролын зээлийн сантай холбоотой асуудлаар гишүүд удаа дараа гомдол гаргаж, нэр холбогдсон гишүүдэд хариуцлага тооцохыг шаардаж ирсэн ч гомдлыг хэлэлцэж байна, тайлбар авч байна гэх арга саам хэрэглэсээр мартагнуулсан. Харин энэ удаад Б.Энхбаярт хариуцлага тооцох асуудлыг дээрх жишгээр замхруулж болзошгүй гэж үзэж, асуудлыг нэг талд гартал шаардана гэлээ.
Сэтгэгдэл үлдээх