Ж.Чинбүрэн: 2025 оны өрийг 2026 оны төсвөөс төлөхгүй хэмнэж чадвал эмч нарын цалинг 10 хувь нэмэх боломж бий

Засгийн газрын хуралдааны дараа Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэл хийлээ.

Тэрбээр,“300 мянган хүн тунд томуугийн вакцин хийх ёстой. Иргэдийн хамрагдалт маш сайн байна. Есдүгээр сарын 30-ны байдлаар 60 хувьтай хамрагдсан нь урьд өмнө байгаагүй амжилт. Нийт 160 мянган хүүхэд хамрагдах шаардлагатайгаас 96 мянга нь хийлгэчихсэн байх жишээтэй. Багш нар бол 100 хувь хамрагдсан байна, баярлалаа.

Вакцин хийлгэснээр ханиад хүрэхгүй, хүрсэн ч хүндрэхгүй бөгөөд эрүүл мэндийн салбарын ачааллыг бууруулна. Улаанбурхан томуутай давхардаад том ачаалал үүсгэхвий гэж болгоомжилж байсан. Одоогоор хичээл сургууль эхэлчихсэн ч зарим өдөр улаанбурханы тохиолдол 2,3 бүртгэгдэж байгаа нь сайн. Томоохон давалгаа эхлэхгүй болов уу гэсэн таамаглал байна” гэлээ.

-200 гаруй эмнэлгийн даатгалын тусламж үйлчилгээ дууссан гэсэн. Ямар арга хэмжээ авч байгаа вэ? 

-Программын шинэчлэл хийсэнтэй холбоотой даатгал зогслоо гэсэн мэдэгдэл очиж, сандаргасан. Диализын эмчилгээг бол зогсоохгүй. Яаралтай мэс заслыг зогсоохгүй. Хавдрын тусламж үйлчилгээг бас зогсоохгүй гэдэг байдлаар үргэлжилж байгаа. Ер нь 2025 оны санхүүжилт хэдийнэ наймдугаар сард дуусчихсан. 200 гаруй эмнэлэг даатгалын үйлчилгээгээ зогсоосон зүйл бол байхгүй шүү.

-Эмч нарын цалинг нэмэх боломжтой юу? 

-2025 онд салбарын төсвөөсөө 2024 оны өрийг төлсөн. Энэ буруу. Ийм нөхцөл байдлыг давтахгүйн тулд хичээж байна. 2025 оны өрийг 2026 онд төлөхгүй гэвэл цалинг 10 гаруй хувиар нэмчих боломж байгаа юм. Тэгэхээр сахилга бат хэрэгтэй. ЭМДС-д мөнгө өгөөд л байдаг, цоорхой шанага шиг урсаад байж болохгүй. Хулгайтай тэмцэх ёстой. Тийм учраас л сахилга баттай байя гэдэг асуудлыг яриад байгаа юм.

-ЭМДЕГ-ын  шинэ захирлыг хэзээ томилох вэ?

-С.Энхболдыг чөлөөлсөн. Түр орлон гүйцэтгэгч тавьсан. Сонгон шалгаруулалт удахгүй зарлана, Илүү санхүү талын, эрсдэлийн менежмент хийж чаддаг хүн томилъё гэж байгаа.

Сэтгэгдэл үлдээх