СҮХ-ЭРДЭНЭ нарын дунд МАН үйлээн үзэж байна

Төрийн бүх санхүүжилт хэвийн явагдаж байна гэж Сангийн сайд Болдын Жавхлан нэн тодорхой хэллээ. Нийт баялагийн сангийн орлогоо жигдрүүлье, тэлье л гэж зүтгэж байна гэж Уул уурхайн сайд Гонгорын Дамдинням хэллээ. Эдгээр үгс бол Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулна хэмээн зүтгээд байгаа босогсдын тэргүүн болж байгаа, санаачлан хөгжүүлэгч Пүрэвжавын Сайнзоригт хандан хэлсэн үгс юм. Бас УИХ-д,  ард түмэндээ хандан хэлж байгаа Засгийн газрын хоёр гишүүний үг юм. Монгол улс дефольт зарлах, бусдын эдийн засгийн эрхшээлд орох хэний хүсэл юм бэ. Монгол хүн бүрийн хүсэхгүй зүйл. 

Гэтэл яагаад тийм болгох гэж П.Сайнзориг зүтгэнэ вэ.  Сангийн сайд Б.Жавхлан тийм эрсдэлд хүрэхгүй гэдгийг эрс няцаалаа. Б.Жавхлан бас хэлээд байна. Оюу толгойн гэрээний хүүллийн хувийг бууруулах боломжтой, тэр ажилд тууштай шамдан орно гэдгийг,  ажлын хэсгийн ахлагч Г.Дамдинням нь бас энэхүү хүүллийг бууруулахыг монгол бүр бүрийнхээ өмнө амлаж байна гээд, ОНТРЭ-г “янзлая” гээд хэлээд л байна.  Г.Дамдинням,   Б.Жавхлангийн энэ үгийг сонсоод эх орноо бодох хэн боловч жаахан ч гэсэн тайвшрал авах. Засгийн газраа ээлж дараалан онхолдуулаад, жил хагасын дотор гурван Засгийн нүүр үзэх зүг рүү чарлалдан довтолж байгаа УИХ-ын гишүүдтэй байна  гэдэг л жинхэнэдээ дефольт руу хөтөлж байгаа юм. Муу руу чирж байгаа юм. П.Сайнзоригийн хэвлэлийнхэнд гаргаж байгаа авирыг ард түмэн хараа биз. Энэ л агуулга хэлбэрээрээ муу зоригийн хүн гэж харагдаж байна.  Ямархуу их ихэрхэл, давилуун байдал үзүүлнэ вэ. Ардын намын анхны долоогийн нэг Солийн Данзангаа хэзээ буудуулсаныг мэдэхгүй байж ингэж ихэрхэх хэрэггүй л юм даа. Ийм маягийн улс л Засгийн газрыг огцруулах гээд тоо нь дөч тавь болсон гээд явж байгаа энэ явдал бол Монголын эмгэнэл болж байна. Засгийн газрыг огцруулах  П.Сайнзориг нар өнөөдөр бичгээ өргөн барих юм гэсэн.

Түүн дотор мань Нямтайширын Номтойбаяр Засгийг огцруулах бичигт бүл нэмэн дөрвөн гишүүнээ дайчлан довтолж яваа бололтой юм. Ардчилсан намаас аанай л Ц. Туваан, С. Одонтуяа нар яваа гэх. Эдгээр хүмүүс Засагт байсанаа санаад Засгийг унагахын төлөө уухирдаж яваагаар ойлгогдож байна. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл Засгийг унагахын эсрэг байгаагаа эрс  мэдэгдэв. Ардчилсан намын дарга Засгийг унагах эсэхийг шийднэ гэж манай сайт бичсэн. Тэдний дөч гаруй гишүүн эдүгээ Монголын улс төрийг тогтвортой байлгах, дефольтжуулахын алиныг сонгохыг шийдэх нь үнэн юм аа. ХҮН -намынхан болбоос хоёр хуваагдсан бололтой. Зарим нь Засгийг огцруулахын талд яваа  юм. Б.Батбаатарын ИЗНН-ынхан бол одоогоор хэрхэх нь мэдэгдэхгүй харагдана. Нара хэмээх гишүүн нь бол илтэд Л.Оюун-Эрдэнийг талыг баримтлан, тэнд дуу хоолойгоо тогтмол өргөж байгааг бүгд харсан. Засгийг унагахын бичигтэй зэрэгцээд, Эм СИ Эс-ийн хэмээгдэх Д.Энхтүвшин нар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг унагах бичгийг мөн үйлдэн гарын үсэг зуруулаад дөчийн тоо руу дөхөж яваа бололтой.

Засгийг унагахад одоо гарын үсэг зурагсад дээр арваадхан хүн нэмэгдэхэд Г.Занданшатарынхан эвгүйдэх шинжтэйгээр харагдах. УИХ-ын дарга бол унагахад амаргүй албан тушаал л даа. Тэртээ дээхнэ үед Н.Энхбаяр нар Ц.Нямдоржийг ҮХЦ-ийн дүгнэлттэйгээр буулгаж байсан нэг тохиолдол бий. Г.Занданшатар, Б.Энхбаяр нар яриад байгаачлан шигээ Д.Амарбаясгаланг нүүрсний хулгайд үнэхээр холбоотойг, буруутайг хөдөлбөргүй нотолбол УИХ-ын дарга өчиггүй буух хэрэгтэй болно. М.Энхболдыг Л. Оюун-Эрдэнэ нар буулгахдаа ёс зүйг сануулсан. Жагсаал цуглаанаар бөмбөгдсөн. Үнэндээ бол М.Энхболд тухайн үед хуулийн буулгаар гэхээсээ илүүтэй ёс зүйн буулганд унасан юм. Ажлаа өгсөн юм. Өнөөдөр энэ байдал Д.Амарбаясгаланд мөн бодьтой нүүрлэчихсэн байна. Нэр холбогдсон нүүрсний хулгайн агуулга бол тогтсон улс төрийн соёлтой оронд бол О.Цогтгэрэл нарын хэлээд байгаачлан ажлаа өгч байгаад шалгуулах нь гарцаагүй зүйл мөн билээ. Ерөнхий сайд Г.Занданшатар гурван сарын настай Ерөнхий сайд байсан уу, үгүй юу гэдгээ энэ долоо хоногт үзэх нь шиг байна.

Нүүрсний хулгайд сэрдэгдэгсэд Засгийн газрыг унагаах уу, Засгийн газар тэднийг ялах уу гэдэг л асуудал юм. Энэ л хүлээгдэж эхэллээ. Өрнөж байгаагаар бол энэ долоо хоногт хайнаа хагалах нь шиг байна. Энд нэг зүйлийг хавчуулъя. Ардчилсан намынхан цоохор дээлтэй хүн АН-аас буландагдаж нам сайхан байна. Одоо харин МАН-д очсон бужигнуулж өгч байна даа гэж ярьцгаажээ. Нээрээ ч, Л. Оюун-Эрдэнийн зөвлөх явсан Х.Баттулга ойрын үед жигтэйхэн инээд алдаад, баясал дүүрэн яваа нь зурагтаар нэвтэрсэн. АН-ынхны яриагаар бол тэр энд тэнд улс төрийн үймээн үүсгэж л явбал бах ханадаг нь батлагдсаар. Монгол Ардын намын дарга Л. Оюун-Эрдэнээс асуух зүйл байгаа юм. Өөрийн тань У.Хүрэлсүхээс аваад, Д.Амарбаясгаланд шилжүүлэх гэсэн МАН чинь Монголын лай боллоо шүү. Үүнээс сэргийлэх арга танд байна уу гэж нийт ард түмнээрээ Л. Оюун-Эрдэнээс асуун шалгаах өдөр нэгэнт тулжээ. Сүхээс Сүхийн хооронд МАН-ын бадрал дуусна гэсэн бошго байдаг юм гэсэн. Сүхбаатарын удмын Сүх-Эрдэнэ гэж хүн байдаг. Энэ нэрийг харвал Ерөнхийлөгчийн нэрийн тал, Л. Оюун-Эрдэнийн нэрийн тал харагдана.

Ингээд харвал СҮХ-ЭРДЭНЭ нарын дунд МАН үйлээн үзэж байна гэж харагдахаар байна даа. МАН-д ирэх хоёр сонгууль хоёулаа хамаагүй болж байна. Яагаад гэхээр энэ нам өдөр бүр бодьтойгоор Монголын ард түмний нүдэн дээр “сүйрч” байна шүү дээ...

 

Б.ХАНТӨГӨЛДӨР

Сэтгэгдэл үлдээх