Ухралт, урагшлалт бол замын хоёр хөдөлгөөн. Нийгэм ч ийм замын бэдрээнд оршино. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэг бичлэг цахим орчноор ихээхэн тархаж байна. Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнийг огцруулах үеийн бичлэг бололтой юм. Тэр дотор, өөрийгөө ажлаа өгч чаддаг тухай өгүүлэх. Тухайлбал, Ерөнхий сайдын албыг өгч байснаа дурдах. Агуулга, үүргээ гүйцэтгэж эс чадаж байвал, шаардлагатай үед ажлаа өгч чаддаг байх ёстой л гэж байгаа юм. Үнэндээ Монголд ингэж эрс шийдээд явмаар юм үй түм байна. Д.Амарбаясгалан дарга энэ жишгээр сайн үзүүлэлт харагдуулж байх шиг байна. Чадахгүй боллоо, больё гэдэг дээрээ эрс байж чадах нь шиг байна. Өөрийн хүсэлтээрээ өргөдлөө өгч УИХ-ын даргын өндөр сэнтийгээс чөлөөлөгдсөн тэрбээр гурван дээдсийн нутаг Их тэнгэрээсээ нүүж, Төрийн ордын баруун жигүүрийн гурван давхрын спикерийн өрөөг ч сулласан байна. Ингэж цэгцрэх, асуудалд эрс хандах чухал байгаа юм.
Оюу толгой гэдэг компанийг Монголын төр ямар ч байсан урьж, хэдий тэд гэдрэг байгаа ч хэлэлцээг эхлүүлж чаджээ. Энэ бол өөрөө бодит ахиц, урагшлалт. Ц.Элбэгдоржийн хэлдгээр, эхлүүлнэ гэдэг бол гүйцэтгэлийн тал, тавин хувь. Тиймээс хэлэлцээр эхлүүлэхээр болоод, энэ хэрэгжиж эхэлнэ гэдэг бол Засаг тавин хувийн ажлаа хийсэн, одоо тавин хувийн ажлаа хийж үр дүнгээ үзнэ гэсэн үг.
Оюу толгойнхон аюулгүй байдал гэж хачин тайлбар хийх юм. Татгалзал, гэдэргээ байдлаа энэ гайхалтай тайлбараар хаацайлагч тэдний эрх ашгийн агуулга харин ч их анхаарал татна. Ирээд, бодит тайлбараа биет хүнээрээ хийлгээд, үндсэн хувь эзэмшигч монголчуудаа хүндэтгээд мэдээллээ өгөх ёстой нь тогтсон жишиг. Дархлагдсан олон улсын соёл.
Монголчуудыг улс төр дотроо хэрүүлтэй уруултай гэж бодоод байх шиг байна. Түүнийгээ боломж, талцалд нь хожигч өнгөөр хандах гэж үзвэл тэр тусгүй болоод бүтэхгүй. Яс юман дээрээ, үнэн нидэр дээрээ Оюу толгойн асуудлаар монголчууд бүгд цул нэгээрээ байгаа. Үзэж тараад байгаа улс төрчид нь Оюу толгойтой бол нэг л эрх ашиг, улс орныхоо төлөө бол үзэж тарах нь тодорхой юм шүү дээ. Одоо л чухамдаа Оюу толгойн асуудлаар бүх улс төрчид, төрийг баригсад нэг агуулгаар, нэг чигээр байхгүй бол эх орон, энэ улсын эрх ашиг, хууль ёс, ард түмэн тэднийг өршөөхгүй. Ийм агуулгын нийлбэр байгаа болохоор Оюу толгойнхон одоо хэлэлцээртээ үнэн бөгөөд тодорхой байж
Монголын төрийн эрх ашиг, Монголын ард түмний эрх ашгийн өмнө зохих шийдвэрийг гаргалцах ёстой. Өдөр бүр арван тэрбумаар монголчууд хүүлүүлэх ёсгүй. Нэг компанийн зэсээр нөгөө компанийн эрх ашиг хамгаалагдаж монголчууд баялагаа ухуулах ёсгүйг, Оюу толгойн толгойнууд, ОНТРЭ-гийн толгойнууд ойлгох ёстой. Эс бөгөөс ажлаа өгөөд эндээс яваад, ажлаа мэддэг, ойлгодог удирдлагатай болцгоох хэрэгтэй.
Монголчууд хэн ажиллаж чадах, хэн чадахгүйг төр засгийн өнөөдрийн үлгэр дээр төгс тестлэж байгаа шүү гэдгийг тэд ухаарах ёстой юм. Шатахуун тасалдаад ард иргэд бухимдаж гүйцлээ. Отгонбилэгийн Содбилэг, Пүрэвийн Батсайхан, Цогтбазарын Анандбазар нар аа, ард түмэнд үйлчилж, ард түмнээр ашгаа хийж энэ бизнесийг хийж чадахгүй байгаа юм бол больчих оо. Д. Амарбаясгалан дарга шиг , ажлаа өгч чадаж байгаа шиг, шатахуун оруулж ирэх, түгээх бизнесээ чаддагт нь өгчих өө. Та нараас илүү чадчих, та нараас илүү эх оронч байчих бизнесмэн аавын хөвгүүд бишгүй байгаа. Ард түмнээ арчааг нь алдуулчихгүй, дааруулахгүй, бухимдуулахгүй энэ бизнесийг хийчих хүмүүс өчнөөн байгаа.
Чадахгүй бол тусгай эрхийг нь, энэ бизнесийн лицензийг нь цуцал гэж Ерөнхий сайд Г.Занданшатар хэлээд байгаатай ард түмэн санал нэг байгаа. Тэртээ тэргүй бид газрын тосоо нэрж, шатахуунаа одоодоо хийж чадахгүй, хоёр хөршөөс зөөж байгаагаас хойш Отгонбилэгийн Содбилэг, Пүрэвийн Батсайхан, Цогтбазарын Анандбазар та гурваас илүү үүнийг сүйхээлэг хийчих хүмүүст нь ажлаа өгчих ёстой. Үндсэн Хуулийн Цэц үндсэн үнэн ажлаа өнөөдөр хийнэ. Монголын засаг төрд нүүрлэсэн улс төрийн гацаа, зарчимгүйдэлд өнөөдөр үнэн зөв цэг тавьж шийдвэр гаргах ёстой. Үүнийгээ хийж чадахгүй бол Гунгаагийн Баясгалан дарга есэн гишүүнээ хөтлөөд явах хэрэгтэй. Ажлаа өгөх хэрэгтэй. Монголын төр , Үндсэн хуулийн өмнө тэдэнд алдаатай шийдвэр гаргах эрх байхгүй.
Б.ХАНТӨГӨЛДӨР
Сэтгэгдэл үлдээх