Монгол Улсын Их Хурал парламентын ил тод, хариуцлагатай ажиллагааг төлөвшүүлэх шинэ соёлыг нутагшуулах хүрээнд сар бүрийн төгсгөлийн баасан гаригт “Асуулгын цаг”-ийг тогтмол зохион байгуулж байгаа билээ. Энэхүү уламжлал ёсоор энэ сарын асуулгын цаг буюу парламентын мэтгэлцээн аравдугаар сарын 31-ний өдөр 14:00 цагт Төрийн ордонд болно.
Энэ удаагийн мэтгэлцээний сэдэв “Хавчигдсан дундаж давхаргаа хэрхэн аврах вэ” гэх сэдэвтэй аж.
Сэдвийн хүрээнд Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд, харин сөрөг хүчнийг төлөөлж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд оролцох юм.
АН-ын бүлгийн дарга, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, О.Алтангэрэл, Ж.Баясгалан, Д.Жаргалсайхан, Ц.Мөнхтуяа, Г.Хосбаяр, Д.Цогтбаатар, С.Эрдэнэболд, Д.Энхтуяа нар мэтгэлцээнд оролцоно. Парламентын энэ шинэ хэлбэрийн зорилго нь төр засгийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, Ерөнхий сайд болон сайд нартай бодит, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэхэд оршиж байна.
Өмнө нь Ерөнхий сайд өөрийн сонгосон сэдвээр мэдээлэл өгдөг байсан бол, шинэ механизм нэвтэрснээр төрийн тэргүүн гишүүдийн болон ард иргэдийн асуултад шууд хариулдаг болсон нь парламентын хариуцлага, ил тод байдлыг нэмэгдүүлэх чухал алхам гэж үзэж байна.
Уг мэтгэлцээнийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг шууд дамжуулан хүргэх тул иргэд парламентын хэлэлцүүлгийг бодитоор үзэж, төрийн бодлогод дуу хоолойгоо хүргэх боломжтой юм.
Сэтгэгдэл үлдээх