БНСУ-ын Ерөнхийлөгчийг эх орноосоо урвасан гэж үзэж ял асууна

БНСУ-ын Сөрөг хүчин Ардчилсан нам Ерөнхийлөгч Юн Сог Ёолд итгэл үзүүлэх санал хураалтаар албан тушаалаас нь буулгахаар уриалаад зогсохгүй эх орноосоо урвасан ял асууна гэдгээ илэрхийлээд байна. 

БНСУ бүрэн ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш анх удаа ийнхүү цэргийн эрх мэдэл тогтоох оролдлого гарсанд солонгосчууд дургүйцэж, олноороо гудамжинд гарч эсэргүүцлийн жагсаал өрнүүлсэн юм. Мягмар гарагийн үйл явдлын дараа  Юн Сог Ёолын рейтинг буугаад байна. “Юн Сог Ёолын Ерөнхийлөгчөөр ажиллах өдрийн тоо гүйцсэн гэж хэлэхэд буруудахгүй байх” хэмээн “Stimson Center” байгууллагын мэргэжилтэн Рэйчел Ли “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа онцолжээ.

БНСУ-д онц байдал зарласны дараа воны ханш ам.долларын эсрэг 2.9 хувиар суларч, валютын захад уналтаараа тэргүүлжээ. Харин сүүлийн байдлаар ханш нь эргэн 1.2 орчим нэгжээр чангараад байна. 2022 онд албан тушаалаа хүлээн авснаас хойш Юн Сог Ёол бүхий л улс төрийн тэмцэлдээ парламентын олонх Ардчилсан намд ялагдсаар ирсэн. Харин сүүлд түүний өргөн барьсан төсвийн төсөлд Ардчилсан нам хориг тавьж, мөн Засгийн газрынх нь гишүүдэд итгэл үзүүлэх эсэх тухай санал хураалт явуулахаар сүрдүүлсэн. Онц байдал тогтоосноор сөрөг хүчин төрийн үйл ажиллагааг тасалдуулахаас сэргийлэх болохыг тэрбээр мэдэгдэж байлаа.