"Тэс Петролиум"-ийн эрхлэгч хувийн дансаар төлбөр авч, оочергүй шатахуун олгосон тул хоёр саяар торгуулжээ

Монополийн эсрэг газраас шатахууны жижиглэн борлуулалтын үнийг үндэслэлгүй нэмэгдүүлэх, зах зээлд зохиомол хомсдол үүсгэх зорилгоор борлуулалтыг зогсоох зэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт хийх чиглэлээр ажиллаж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй шатахуун борлуулдаг хэд хэдэн компанид хяналт шалгалт хийж, зөрчил гаргахгүй байх талд албан шаардлага, зөвлөмж хүргүүлжээ.

Шалгалтын үеэр “Тэс Петролиум” ХХК-аас наймдугаар сарын 11-нд ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу тус компанийн салбарын эрхлэгч О-той холбоотой зөрчлийг шалган шийдвэрлэсэн байна. Тодруулбал, салбарын эрхлэгч О нь хэд хэдэн хэрэглэгчээс шатахууны төлбөрийг өөрийн хувийн дансаар авч, дугаарлалт харгалзахгүйгээр давуу байдал олгон шатахуун борлуулсныг шалгалтаар тогтоожээ.

Уг үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7-д заасан “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” зөрчилд хамаарах тул О-д хоёр сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан байна.

Монополийн эсрэг газарт Архангай аймгийн Чулуут суманд үйл ажиллагаа явуулдаг “Оргих цогт ундарга” ХХК-ийн ШТС АИ-92 шатахууныг литрийг нь 4,500 төгрөгөөр борлуулж байгаа гэх гомдол, мэдээлэл ирүүлсний дагуу  Зөрчлийн хэрэг нээн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Эх  сурвалж: Монополын эсрэг газар

Сэтгэгдэл үлдээх