Илүүдэл жин эсвэл таргалттай байх нь бүдүүн гэдэс, хөх, элэг тэргүүтэй 10 орчим төрлийн хорт хавдраар өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг болохыг шинэ судалгаагаар тогтоожээ. Саяхныг хүртэл судлаачид хорт хавдрын шалтгааны 2-8 хүртэлх хувь л таргалалттай холбоотой гэж үздэг байв.
Гэвч ХБНГУ-ын Хорт хавдрын судалгааны төвийн өвчний тархалтын судлаач Херманн Бреннерийн удирдсан шинэ судалгаагаар өмнө нь илүүдэл жинг дутуу үнэлдэг байсныг баталж байгаа юм. Судалгаагаар хорт хавдар таргалалттай холбоотой байх магадлал 11.5 хувь хүртэл гэдэг нь батлагдсан байна. DKFZ-ийн судлаачид эрсдэлийн талаарх одоогийн тооцооллыг шинэчлээд зогсохгүй, илүүдэл жин болон хорт хавдрын хоорондын холбоог өнөөг хүртэл дутуу үнэлж ирсэн байж болзошгүй гэдэг асуудлыг хөндөж тавьсан гэж Регенсбургийн их сургуулийн эпидемиологич Михаэль Лейцманн DW-д ярьжээ.
DKFZ-ийн судлаачид судалгаагаа явуулахдаа зөвхөн BMI төдийгүй бэлхүүс, ташааны хэмжээ зэргийг харгалзан үзсэн байна.Түүнчлэн судалгааг UK Biobank-ны эрэгтэй, эмэгтэй 458,543 хүний мэдээлэлд үндэслэсэн байна. Судалгаанд оролцогчдын дунд 12 жилийн хугацаанд хорт хавдрын 5000 орчим шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
Сэтгэгдэл үлдээх