Ардын намынхаа ирж яваа цагийг зур аа, Д.Амарбаясгалаан!

Д.Амарбаясгалаан, хонгоны чинь  мах загатнаагүй биз гэсэн занал аятай  далайлга яваад байх. Энэ хүн бол Монголын төрийн орой. Төрийн эрх барих дээд байгууллагын дарга. Монгол бол парламентын засаглалтай орон. Тийн атал төрийнхөө оройн хүн рүү ингэж “занаад” байх зөв үү. Яагаад түүн рүү тэгж боорлоод байна гэхээр Л. Оюун-Эрдэнэтэй хамжааргалан нэг зайнд яваад байгааг нь шүүмжилж байгаа нь тэр бололтой. Шүүмжлэл гэхээсээ илүү дарамт гэхээр үзэгдэнэ. Л. Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгалан хоёр хоёул наяад оных. Ижил бяруу мэт явсан, явж ч байгаа. Ямартаа л Л. Оюун-Эрдэнэ нь Д.Амарбаясгалангаа МАН-ын генсек бөгөөд ЗГХЭГ-ын дарга хавсруулан хийлгүүлж, эрхлүүлж байхав дээ. Өнөөдөр хувь заяаны эргүүлгээр энэ хоёр хүнийг нэгэнд нь дайсагнуулах, салгах бодлого өдөр бүр явж байна. Үүнийг МАН өөрөө хийж байна. Уг намаас угшилтай жар , далан оны том дарга нар, ах нар нь хийж байна.

Д.Амарбаясгалан МАН-ыг гурвантаа сонгуульд ялуулсан хүн гэдгийг МАН-ынхан зөвшөөрдөг. Улс төрийн тактик, стратегит ч муугүй боловсорсоныг сонгуулийн дараачаар МАН-ынхан амаа олохгүй магтацгаадаг. Д.Амарбаясгалангийн гай ч  бий, гавьяа ч их бий. МАН-д бол оруулсан гавьяа нь эгнэмгүй. Д.Амарбаясгалангийн ачаар МАН гурав дараалсан сонгуулийнхаа цикльд засаглаж байна . Энэ үнэн. Д.Амарбаясгалангийн хүчээр Ардын нам Ерөнхийлөгчтэй болсон. Энэ бас үнэн.

Д.Амарбаясгалангийн хүчээр Ардын намын далан оны ах нар нь Засгаас засагт сайд хийн дүүхэлзэн данайж байна. Энэ бүр үнэн. Д.Амарбаясгалан Л. Оюун-Эрдэнэ хоёрынхоо хүчээр МАН өнөөдөр олонх болоод засаглаж байгаа нь хөдөлбөргүй үнэн. Д.Амарбаясгалан тэгэхээр гавьяатай нь үнэн юм, МАН-ынхандаа. Тэгээд одоо ханилж явсан нөхрөө гэх үү, Л. Оюун-Эрдэнээ олон ах нартайгаа нийлээд балбах ёстой юм уу, үгүй юм уу гээд асуувал Монголчууд жудгийн хувьд тэгж болохгүй гэж хэлэх байх. Д.Амарбаясгалан харин ч жудаг заагаад яваад байх шиг байна. Ямартаа л , Л. Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүх хоёрын нийлэмж юм, ойлголцуулагч юм гэж учирлахдаа хүрэхэв дээ. Д.Амарбаясгалан  чамбай спикер болсоор байна. Ц. Мөнх-Оргил, Д. Оюунхорол хоёр зөвлөх нь арга билгээр бөөцийлж байгаа байх. Т.Алтангэрэл тэргүүтэй тэргүүлэх хуульчид зөвлөж байна. Д.Амарбаясгалангаас алдаа бага гарч байна. Д. Амарбаясгалангийн алдааг ах нар руу налаагүйг зааж байгаа бол, Д.Амарбаясгалан харин ах, эгч нар руугаа алдааг заах хэрэгтэй.

Монгол Ардын нам өнөөдөр яагаад хоёр хуваагдаад хоёр тийш харчихаад байгааг хүн бүгд мэднэ. Шударга бусын зааг их тогтсоноос л юм шүү дээ. Дөрөв таван  намын даргын нүүр үзээд, Засаг болгоны өрмийг түүж хүртээд байгаа Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт, Б. Дэлгэрсайхан, Ж.Энхбаяр, Б.Батцэцэг нар Ерөнхий сайд болгоны ёроолд суугаад, урваад, хуйвалдаад,  сэлгээд, тэлээд, томроод , “тодроод” байгаад МАН-ын гишүүд болоод жирийн ард түмэн дургүйцээд байгаад л хамаг учир байгаа юм. Л.Оюун-Эрдэнийн ойчлого энэ хэдээс л үүдэлтэй шүү дээ . Хамгийн гол нь эдгээр хүмүүс бүх цаг үед дээр суун, дээж хүртэн Засгийг ноёлох атлаа улсыг урагшуулсан бодит дүр зураг, сайн өвийг үлдээв үү, үгүй байгаа биз дээ. Ганцхан жишээ, Эрчим хүчний салбараа хар. Бүх монголчууд энэ салбарын дор хөгжил ч үгүй, сөхрөл дүүрэн байж байгаа. Б. Чойжилсүрэн нь болохоор сайдаар нь дархлагдчихсан. Нөгөө дөрвөн сайд ямар ч ялгаагүй. Ажлын үзүүлэлт гэх тоймтой, реформын зүйл огтхон ч үгүй. Харин өөрсдийн нь хөрөнгө, бизнес төрөөс хөхөгдөн ямархуу үлэмж томорсныг Монголын хэвлэлүүд энэ зунжин Б.Батцэцэгийн жишээн дээр бичлээ. Ийм л хүмүүсийн зүгээс УИХ-ын даргаа хонгоны чинь мах загатнаагүй биз гэдэг сануулга дарамтлалаар салхи цохиулж байгааг Монголчууд бэлээхэн харж байна. Д.Амарбаясгаланг Л. Оюун-Эрдэнэ нь намын дарга бол, Засгаа ав гэж байгаа гэх. Аргагүй л, ухрах аргагүй. Энэ хоёр залуу Монголын улс төрийн удаашралыг, зогсонгишлыг наяад оныхон руу аваад ирсэн нь одоо ухарвал сайнгүй нь тодорхой.

Уламжлал шинэчлэл гэж байдаг, ах зах гэж байдаг Л.Оюун-Эрдэнэ, Д. Амарбаясгалан хоёр хоёулаа л МАН-ын уламжлал шинэчлэлийн бүтээгдэхүүн. Д.Амарбаясгалан Улс төрийн намын тухай хууль, эмэгтэйчүүд жендер, сонгох сонгогдох дээр, хуулийн шинэчлэлтүүд дээр үнэхээр манлайлал үзүүлсэн. Үүнийг нь эмэгтэйчүүд эрхбиш ойлгодог байх. Өнөөдрийн парламент ч түүний бүтээл. Тэр ирж яваа цагийг бас ч гэж зурж байгаа улс төрч . Ардын намынхаа ирж яваа цагийг зур аа, Д.Амарбаясгалаан. Ах нарынхаа болж байгааг дэмж, болохгүйг байгааг таслан зогсоо. Хамгийн наанадаж төрийн эрхийг унаж шударга бусад хөхөн, төрөөр бизнес хийж, төрөөр айлган сүрдүүлдгийг таслан зогсоохгүй бол Монгол ардчилсан иргэний байх мөн чанараас улам улам холдоно. Угаасаа энэ чигийн үзүүлэлтүүд тээр ард байгаа, дэлхийгээс. 

 

З.ХАНБЭЙС

Сэтгэгдэл үлдээх