Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллаж эхэллээ. Уг аяныг “AI Academy Asia” байгууллагаас санаачлан үндэсний хэмжээнд 2025-2030 он хүртэл хэрэгжүүлж буй бөгөөд таван жилийн хугацаанд Монгол Улсын өнцөг булан бүрд ажиллаж буй ЕБС-ийн багш нарыг чадавхжуулах, хиймэл оюуны 2500 хүний нөөц бэлтгэх хөтөлбөр юм.
Хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй энэхүү аяныг 2026 онд Голомт банкны дэмжлэгтэйгээр “Олон улсын цахилгаан холбооны байгууллага“-ын “AI Skills Coalition”-ы хүрээнд өрнүүлж буй бөгөөд хоёрдугаар сарын 28-нд нээлтээ хийлээ.



Хиймэл оюуны багш бэлтгэх хөтөлбөрт 21 аймаг, 330 сум, нийслэлийн дүүргүүдээс 3998 баг материалаа илгээснээс 500 багш шалгарч, гурван сарын турш хиймэл оюуны сургалтад хамрагдаж байна. Тухайлбал, багш нарын хиймэл оюуны суурь ойлголтыг нэмэгдүүлж, зөв, хариуцлагатай хэрэглээг төлөвшүүлэхийн зэрэгцээ "AI" хэрэгслийг хичээл заах, үнэлгээ хийх, агуулга боловсруулах үйл явцад үр дүнтэй ашиглах замаар боловсролын чанарыг сайжруулж, багшийн мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэнэ. Хөтөлбөрийн төгсгөлд багш нар хиймэл оюунд суурилсан төслөө хөгжүүлж, үр дүнгээ хуваалцах юм. Цаашлаад хиймэл оюуны мэдлэг чадвар эзэмшсэн багш нараар дамжуулан энэ онд сум, орон нутгийн 10 мянга гаруй сурагчид хиймэл оюуны мэдлэгийг түгээж, сурагчдыг технологид суурилсан эдийн засагт амжилттай оролцох ирээдүйн ур чадварт бэлтгэхэд зорьж байна.
Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ы хүрээнд 2025 онд “AI for women 100×100” хөтөлбөрийг дэмжин ажиллаж, ЕБС-ийн 100 эмэгтэй багш, 100 эмэгтэй сурагчийг хиймэл оюунд суралцах боломжоор хангасан. Энэ жилийн тухайд Голомт банкнаас аяныг хэрэгжүүлэхэд бүрэн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ багш нарт болон цаашлаад сурагчдад санхүүгийн боловсрол олгох чиглэлээр хөтөлбөрийн цар хүрээг өргөжүүлэн ажиллах юм.
Сайн сайхныг санхүүжүүлнэ
Сэтгэгдэл үлдээх