Орон нутаг: Орхон аймаг нийтийн тээврийн үйлчилгээг GPS-ээр тогтмол хянаж байна
Б.Адъяатөр5 сар 12, 2020 824
Орхон аймгийн Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс Нийтийн тээврийн үйлчилгээнд сансрын GPS системээр байнга хяналт тавин ажилладаг бөгөөд 7 хоног бүрийн зөрчлийн талаар мэдээлэл хийдэг. Өнгөрөгч 7 хоногт 36 автобус нийтийн тээвэрт ажиллаж, шугамын гаралт дунджаар 28 тээврийн хэрэгсэл, парк ашиглалт 77.7 хувь, өглөөний эх авалтын үед дунджаар 26 тээврийн хэрэгсэл буюу 72.2 хувьтай байжээ.
Зарим автобусууд батлагдсан маршрутаас дутуу эргэх, графикт цагаас хоцрох, орой эрт зогсох, цагийн хуваарь мөрдөөгүй зэрэг зөрчил гаргаж байна. Нийт зөрчлийн 20 хувийг “Тод од транс” ХХК-ийн автобусууд эзэлсэн бол 80 хувийг нь “ББ- ОД” ХХК-иас нийтийн тээврийн үйлчилгээнд гарч байгаа автобусууд дангаараа эзэлж, иргэд зорчигчдыг чирэгдүүлж байна.
Шуурхай хуралдааны үеэр аймгийн Эрүүл мэндийн газраас мөн мэдээлэл хийлээ. Сүүлийн үед томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байсан, өмнөд хөршид Короновирусын халдварт өвчин гарсан зэргээс шалтгаалан иргэдийн дунд “эмийн сангууд амны хаалт, зарим нэр төрлийн эмийнхээ үнийг нэмсэн” гэх яриа гарч байсан. Тэгвэл мэргэжлийн байгууллагуудын зүгээс Эмийн сангуудад хяналт, шалгалт хийжээ.
Ингэхдээ өмнөх оны мөн үед байсан эмийн үнэ ханштай харьцуулсан судалгаа хийж үзэхэд үндэслэлгүйгээр эмийн үнийг нэмсэн гэх зөрчил илрээгүй байна. Харин эм ханган нийлүүлэх байгууллагуудын татан авалттай холбогдолтойгоор гар ариутгах бодис, амны хаалт зарим эмийн сангуудад дутмаг байна гэсэн юм.