Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төрийн үйлчилгээний болон төрийн тусгай алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөрт хамрагдсан Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад батламж гардуулах ёслолын ажиллагаа боллоо.
Ажиллагаанд Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Шадар сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян болон даргын зөвлөлийн гишүүд оролцсон юм.
Дэлхий дахинд тархаад байгаа коронавируст цар тахалаас эх орон, ард түмнээ хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа Онцгой байдлын байгууллагын алба хаагчид Улсын Онцгой комиссын Шуурхай штаб, тусгаарлах байр, хяналтын цэгт 21-110 хоног үүрэг гүйцэтгээд байна. Түүнчлэн ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн алба хаагчид 02 дугаар сарын 23-аас өнөөдрийг хүртэл 450 хүнд тусгаарлан ажиглах үйлчилгээг үзүүлээд байгаа юм.
Онцгой байдлын байгууллагаас ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын ахлагч, тэргүүн ахлагч Ж.Баяртогтох, Сэлэнгэ аймгийн ОБГ-ын Эрэн хайх, аврах ангийн дарга, хошууч Т.Сүхбаатар, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлагч Э.Цагааншүхэрт, Хойд бүсийн төв-Орхон аймгийн ОБГ-ын ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Д.Цэрэн-Очир, мөн газрын холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, ахмад Г.Нэргүйбаатар, Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Галдан, мөн ангийн механик жолооч, ахлах ахлагч П.Буян-Эрдэнэ, мөн ангийн шуурхай удирдлагын оператор, ахлах ахлагч М.Жавзандулам нарын 95 алба хаагч батламжаа гардан авлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх