Вакцины туршилтад оролцогчийн биеийн байдал муудсан байна.

“COVID-19”-ийн вакцин гарган авахаар ажиллаж буй гол компаниуд шинжлэх ухааны талаас илүү дөт зам сонгохоос татгалзаж эхэллээ. “AstraZeneca”-ийн вакцины туршилтад оролцогчийн биеийн байдал муудсаны дараа тус компани эцсийн шатны туршилтаа зогсоогоод байна.

 

“Moderna” болон АНУ-ын Хүнс, Эмийн удирдах газар, салбарын тэргүүлэгчдийн зүгээс вакцинд зөвшөөрөл өгөх явц улс төрийн шахалтаас ангид байх болно гэдгийг амлаж байна.

Түүнчлэн Энэтхэг улс ирэх долоо хоногоос вакцины гуравдугаар шатны туршилтыг эхлүүлэхээр бэлтгэж байна. Одоогоор Австралид хүн дээрх туршилт нь хийгдэж байгаа аж.

Дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн халдвар авсан 27.7 сая, эндсэн 900 мянган тохиолдол бүртгэгдээд байна. Харин эдгэрсэн хүний тоо 19.8 сая байгаа бол 60 мянган хүний биеийн байдал хүнд байна.

Европт шинэ төрлийн “коронавирус”-ийн тархалт дахин газар авч эхлээд байна. Францын Эрүүл мэндийн сайд халдварын тохиолдол огцом нэмэгдэж байгаа нь анаа зовоосон асуудал болоод байгааг анхааруулжээ. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Англид зургаа ба түүнээс олон хүн нэг дор цугларахыг хориглолоо. Ирландад шинэ төрлийн “коронавирус”-ийн халдварын шинэ тохиолдол тавдугаар сараас хойших хамгийн дээд түвшинд хүрчээ.

Харин Испанид сургуулиуд танхимаар хичээллэж эхэлсэн байна. Хэдий тийм боловч тархалт дахиад оргил үедээ хүрч болзошгүйг анхааруулж байгаа аж.

АНУ-д зун халдварын тархалт огцом нэмэгдэж байсан мужуудад байдал арай намжсан байна. Техас, Аризона, Флорида, Калифорни зэрэг мужид халдварын шинэ тохиолдол сүүлийн хэдэн сарын хамгийн доод түвшинд хүрчээ.

Сэтгэгдэл үлдээх