Дундговь аймгийн Хулд сумын Шувуутай багийн “Ар цагаан” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 8 км-т, аймгийн төвөөс баруун урд зүгт 100 км-т/ Баянбулаг” нөхөрлөлийн жоншны уурхайд 09.21-ний өдрийн 16:30 цагийн орчим нуралт үүсэж, тухайн газар нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэж байсан нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хорооны Туулын 2 дугаар гудамжны иргэн М /30 настай, эрэгтэй/ 20 метрийн гүнд шороонд дарагдсан тухай мэдээллийг тус сумын хэсгийн цагдаа аймгийн Онцгой байдлын газарт мөн өдрийн 18:35 цагт өгчээ.
Тухайн газрыг тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид хамгаалтанд авсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид есдүгээр сарын 21-ны өдрийн 21:10 цагт тухайн газарт очиж ажиллаж эхэлжээ.
Бид энэ талаар Дундговь аймгийн Онцгой байдлын газрын дарга н.Адьяабаатараас тодруулахад “Нийт 12 бие бүрэлдэхүүн газар дээр нь ажиллаж тухайн иргэний цогцсыг өчигдөр орой 18:00 цагийн үед гаргаж авсан. Тухайн иргэн нь эсэн мэнд гарч ирэх боломж тун бага байсан. Үйлдвэрлэлийн ослоос шалтгаалан эрдэнэт хүний амь нас эрсэдлээ” гэсэн мэдээллийг өгсөн юм.
Сэтгэгдэл үлдээх