Хотын удирдлагад: Түгжрэлийн шийдлийг иргэд олчихлоо

Өчигдөр Улаанбаатар хотод  ТЭГ ЗОГСОЛТ болсон. Тиймээс түгжирч буй иргэд энэ түгжрэлд буруутнуудыг нэрлэхийн зэрэгцээ нэн даруй шууд үр дүн гарахаар арга хэмжээ авахыг шаардаж байна.

Сүүлийн 20 гаруй жилийн авилгал, газрын наймаа, хот байгуулалтын алдаатай бодлогын үр дагаврын зөвхөн нэг хэсэг нь энэ  түгжрэлээр илэрч байна гэж үзэж байгаа юм. Иргэд бухимдлаа илэрхийлэхийн зэрэгцээ түгжрэлээс салах шийдлийг нэрлэж эхэллээ. Иргэдээс гарч буй саналаас хамгийн олон давтагдсан бөгөөд, шууд хэрэгжүүлэх боломжтойгоос түүвэрлэв.  

 

  •  Автобусыг 1-р эгнээгээр явуулах шийдвэрийг үргэлжлүүлэх
  • Торгуулиа төлөөгүй машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байх. Энэ журмыг ягштал хэрэгжүүлэх
  • Хотод машин унах татварыг эрс нэмэгдүүлэх, бүсчлэх
  • Нийтийн тээврээ олон болгох. Үйлчилгээг сайжруулах
  • Зөвхөн техникийн шаардлага хангасан тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулах
  • Эхний ээлжинд тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгоогоор хөдөлгөөнд оролцуулах

Дээрх арга хэмжээг авахад элдэв зардал хэрэггүй, толгой гашилгаж цаг алдаад байх шаардлага ч алга.  Ганц бороо ороход хот даяараа тэг зогсолт хийж, иргэд өмнө нь 20-30 минутанд туулдаг байсан зам дээр 3-5 цагт түгжирч өнгөрөөсөн нь энэ өвөл хотын хөдөлгөөн ямар байхыг сануулсан том дохио байлаа. Энэ өвөл бүгдээрээ зам дээрээ амьдрах гээгүй л юм бол  иргэд ч  өөрчлөлтийг хүлээн авах хэрэгтэй байна. Одоо л нийтийн эрх ашгаа бодож, хотын иргэн гэдгээ санах шаардлага тулгарч байна. Хотын удирдлагууд шийдвэртэй, зоримог арга хэмжээ авна гэж хүлээж сууя.

Сэтгэгдэл үлдээх