“Улаанбаатар” 12 дахь удаагийн олон улсын кино наадмын Монгол киноны уралдаант хэсгийн “Хангарьд” шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Тус кино наадмын Монгол киноны уралдаант хэсэгт найруулагч Ж.Сэнгэдоржийн “Гэргий”, Ж.Жамьянсүрэнгийн “Хөхөө”, Б.Отгонзоригийн “Эмэгтэй”, Г.Даваазулын “Хэлгүй жим”, О.Бат-Өлзийгийн “Буруу өрөг”, Б.Эрдэнэцэцэгийн “Ээж хадны домог”, Т.Анарын “Сүүн замын сахиул” бүтээл өрсөлдсөнөөс найруулагч Ж.Сэнгэдоржийн “Гэргий”, найруулагч Ж.Жамьянсүрэнгийн “Хөхөө”, найруулагч Б.Отгонзоригийн “Эмэгтэй” уран сайхны кино шалгарч, шилдэг уран сайхны кино, шилдэг найруулагч, шилдэг зохиол, шилдэг продюсерын төрөлд “Хангарьд” шагнал хүртсэн юм.
Тодруулбал, МҮОНРТ-ээс санаачлан бүтээсэн “Гэргий” бүрэн хэмжээний уран сайхны кино шилдэг зохиол төрөлд “Хангарьд” шагналын эзэн болсон бөгөөд тус бүтээлийн зохиолыг Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, Монголын үндэсний олон нийтийн телевизийн Программын нэгдсэн хэлтсийн дарга Магваны Эрдэнэбат бичиж, зохиол дээр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал, тус киноны ерөнхий продюсер Л.Нинжжамц, зохиолч, сэтгүүлч Ц.Баттуяа нар хамтран ажилласан юм.
Эргэн сануулахад, өнгөрсөн жилийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын шилдэг киногоор МҮОНРТ-ээс санаачлан бүтээсэн зохиолч М.Эрдэнэбат зохиолыг нь бичиж, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц ерөнхий продюсероор нь ажилласан, найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Би нар” уран сайхны кино шалгарч байсан билээ.
Ташрамд дуулгахад, “Улаанбаатар” 12 дахь удаагийн олон улсын кино наадмаас “Хангарьд” шагнал хүртсэн “Хөхөө” киноны найруулагч Ж.Жамьянсүрэн, “Гэргий” киноны найруулагч Ж.Сэнгэдорж нар Монгол Улсын гавьяат жүжигчин, алдарт Л.Жанчивдорж агсны хүү, ах дүү уран бүтээлч юм.
Сэтгэгдэл үлдээх