Нүүр хуудас Мэдээ Дэлхийн цоохор ирвэсний 20 хувь нь Монголд байдаг

Дэлхийн цоохор ирвэсний 20 хувь нь Монголд байдаг

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

“Цоохор ирвэсийг хамгаалах олон улсын өдөр”-ийг тохиолдуулан сонирхолтой баримтуудыг хүргэж байна. Монголд энэ өдрийг 2014 оноос эхлэн тэмдэглэж эхэлжээ. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар нэн ховор цоохор ирвэсийг таньж мэдэх, экологийн ач холбогдлыг олон нийтэд ойлгуулж мэдрүүлэх, хамгаалахад уриалах зорилготой олон арга хэмжээг зохион байгуулдаг юм.

 

  • Монгол Улс 800-1000 цоохор ирвэстэй, үүний 500-700 нь Алтай-Соёны бүс нутагт амьдардаг.
  • Дэлхийн нийт цоохор ирвэсний 20 хувь нь Монголд байдаг.
  • Цоохор ирвэс “Улаан ном”-д орсон дархан цаазтай амьтан, агнах хориотой.
  • Цоохор ирвэс хад асгатай өндөр ууланд амьдардаг.
  • Нутгийн иргэд цоохор ирвэсийг “Өндөр уулын эзэн” гэж авгайлдаг.
  • Биеийн урт 103-130 см, жин 23-41 кг.
  • Цоохор ирвэс нь 14 метр хүртэл хол үсрэх чадвартай.
  • Цоохор ирвэс 10-13 насалдаг.
  • Эрийг нь гэнд, эмийг гинс, нялх төлийг нь гүем гэж нэрлэдэг.
  • Гүем хоёр нас хүртлээ эхийн хамт амьдардаг.
  • Аргаль, янгир, тарвага, туулай, мэрэгч амьтдаар хооллодог.
  • Ихэвчлэн 2-3 гүем төрүүлдэг.
  • Цоохор ирвэс хүн рүү дайрдаггүй.
  • Цоохор ирвэс өндөр уулын экосистемийн эрүүл байдлыг хадгалагч гол амьтан юм.

ИРВЭСТЭЙ НАЙЗЛААД НАЙМАН ЖИЛ БОЛЖЭЭ

“Цоохор ирвэсийг хамгаалах олон улсын өдөр”-т зориулсан арга хэмжээ жил бүр өргөжин тэлсээр буй. “Хавхгүй ууланд хамаг амьтан жаргалтай” аяны хүрээнд нутгийн малчдаас 260 гаруй хавх цуглуулжээ. Энэ нь баруун бүсийн бусад аймаг болон улсын хэмжээнд жишиг санаачилга болж, одоо ч амжилттай өрнөсөөр байна.

Энэ жилийн гол арга хэмжээг “Ирвэстэй найзалсан найман жил” нэртэйгээр Ховд аймгийн төвд тэмдэглэлээ. Уг арга хэмжээнд баруун аймгуудын байгаль хамгаалах байгууллагууд болон баруун бүсийн ирвэстэй нутгийн эко клубын сурагчдын төлөөлөл зэрэг 100 гаруй хүн оролцжээ. Сурагчид зорилтот нэг уулыг сонгож ирвэс, түүний идэш тэжээл болох амьтад болон нийгэм эдийн засагтай холбоотой мэдээлэл бэлтгэн ярилцсан байна.  Тэд нэн ховор амьтны амьдрах орчныг хамгаалахад өнгөрсөн,  одоо, ирээдүйд юу хийсэн талаар дүгнэн хэлэлцжээ.

Энэ үеэр баруун бүсийн ирвэстэй нутгийн экоклубын сурагчид, мэргэжлийн байгууллагууд найман жилийн хугацаанд ирвэсийг судалсан, хамгаалсан онцлог амжилтуудаасаа танилцуулсан байна. Мөн гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, цоохор ирвэсний багт жүжигчилсэн тоглолт зэргээр мэндчилгээ дэвшүүлэв. Түүнчлэн сурагчид замын хөдөлгөөнд оролцож буй зорчигч, авто тээврийн жолооч нарт мэдээлэл хүргэж, гарын авлага, тараах материал өгч ажиллажээ.

 

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү