Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Теодрос Адхан Гебрейесус өөрийгөө тусгаарлажээ. Тэрээр коронавирусээр халдварласан хүмүүстэй харьцсанаа мэдсэний дараа ийм арга хэмжээ авсан байна. Тэрээр өнөөдөр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан энэ талаар мэдэгдсэн байна.
“Бие маань сайн, одоогоор ямар ч шинж тэмдэг мэдэгдээгүй. Гэсэн ч ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу өөрийгөө гэр бүл ойр дотнынхноосоо тусгаарлаж, гэрээсээ ажиллах болно” гэж Т.Гебрейесус бичжээ. Мөн халдварын тархалтыг бууруулахын тулд хувь хүнээс шалтгаалах бүх л арга хэмжээг авахыг уриалжээ.
Т.Гебрейесус өмнө нь Ковид19 өвчнөөр өвдсөн хүмүүст илрэх үр дагавруудын талаар мэдээлж байсан. Тодруулбал, энэ өвчнөөр өвдөөд эдгэсэн ч уушги, зүрх, амьсгалын замын эрхтнүүд гэмтэж хоцордог бөгөөд нөхөн сэргээхийн тулд удаан хугацаа шаардагддаг болохыг тогтоосон талаараа зарлаж байсан юм.
Сэтгэгдэл үлдээх