Нүүр хуудас Мэдээ Төрийн албаны шалгалтад таван хүн 100 оноо авчээ

Төрийн албаны шалгалтад таван хүн 100 оноо авчээ

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

Төрийн албаны ерөнхий шалгалт арваннэгдүгээр сарын 4-9-ний хооронд болж, 16 мянга гаруй иргэн шалгалт өгсөн. Шалгуулагчид гурван төрлийн шалгалт өгсөн юм.

Төрийн албаны зөвлөл /ТАЗ/-өөс гаргасан мэдээллээр ерөнхий мэдлэг, монгол хэл, бичиг, дүн шинжилгээ гэсэн гурван шалгалтад нийт 100 оноо авсан таван шалгуулагч байгаа бол 99 оноо авсан 10, 98 оноо авсан 15, 97 оноо авсан 27 хүн байгаа аж.

Одоогоор нийт шалгуулагчдаас хэдэн хувь нь төрийн албаны шалгалтад тэнцэж, бүртгэлд хамрагдав гэдэг мэдээлэл гараагүй байгаа ч өнөөдөртөө багтаж тодорхой болох юм байна.

Мөн ТАЗ-ийн дарга Б.Баатарзоригт “Аймаг, нийслэлийн Салбар зөвлөлүүд, төрийн байгууллагууд хамтран төрийн албаны ерөнхий шалгалтыг орон даяар амжилттай зохион байгууллаа. Албан ёсны дүн мэдээ хараахан гараагүй байгаа боловч шалгалтын үйл ажиллагааг бүхэлд нь цахимжуулсны дүнд шалгалт тус бүрийн дүнг тухай бүрт нь шууд авах, мэдэх боломжтой байгаа.

Бэлтгэл, зохион байгуулалтын хувьд харьцангуй нүсэрт тооцогдох энэ ажлын ард төрийн албан хаагч 500 орчим хүн өдөр шөнө, амралт ажлын цагийг үл хамааран ажилласан, тэд нартаа талархал илэрхийлье. Энэ удаагийн шалгалтын бэлтгэлд мэдлэгийн болон мэдээлэл технологийн боломжуудыг өргөн хүрээнд ашигласнаараа онцлог. Өндөр мэргэжлийн экспертүүд, эрдэмтэн судлаачдын олон баг шалгалтын сорил, даалгаврыг баяжуулах, боловсронгуй болгох талаар чиглэл чиглэлээрээ нухацтай ажилласан. IT-ийн мэргэжилтнүүд программ хангамж, хөгжүүлэлт дээр туйлын анхааралтай ажилласны дүнд ямарваа доголдол, бэрхшээл гарсангүй.

Шалгалтад оролцох хүмүүст бэлтгэл хангах боломжит бүхий л сувгуудыг санал болгосон. Ном, сэтгүүлийн цахим платформоор дамжуулан шалгалтын сорилыг харьцангуй эрт гаргасан бол онлайн тестийн хувилбаруудыг өдөр болгон шинэчлэн хүргэж, виртуал орчинд иргэд өөрсдийгөө урьдчилан сорих боломжийг бүрдүүллээ. Шаардлагатай хүмүүст цаасан ном хэвлэлтээр ч хүргэсэн. Мөн мэдээллийн эх сурвалж, ашиглах гарын авлага тодорхой байж чадсан.

Шалгалтад бэлтгэгчдийн идэвхжилт маш сайн байсныг онцлоё. Емэйл, комментоор өдөр бүр хэдэн зуун санал, зөвлөмж ирж, тэр бүрт анализ дүн шинжилгээ хийж, ажилдаа тусган авч хэрэгжүүллээ.

Шалгалтын тухайлсан сэдвүүдээр тус бүр 25 сорилыг онлайнаар өдөр тутам хүргэж, шалгалтад бэлтгэгчдийн зүгээс мэдлэг, чадвараа цахим орчинд сорих боломжийг бүрдүүлэн ажиллалаа. Хандалтын тоо, иргэдийн зүгээс асуудалд хандаж буй байдлыг ажиглахад илүү идэвхтэй, илүү бүтээлч байдал анзаарагдсаныг тэмдэглэх хэрэгтэй. Байж болох хамгийн өндөр оноонуудыг олон иргэд авсан нь тестийн итгэлцүүрийн нотолгоо байх. Иргэд өөртөө найдаж, өөрөө хичээж чаддаг, төр хүмүүсийн оролцоог шударга дүгнэж чаддаг байдал ердийн үзэгдэл болж байгаад үнэхээр олзуурхаж байна” гэсэн юм.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү