Нүүр хуудас Мэдээ Японы маргаантай арлуудын ойролцоо ОХУ С-300 пуужингийн систем байрлууллаа

Японы маргаантай арлуудын ойролцоо ОХУ С-300 пуужингийн систем байрлууллаа

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

ОХУ өчигдөр (2020.12.1) Японы ойролцоох маргаантай арлуудаас шалтгаалсан болзошгүй тулаанд бэлдэн, С-300В4 пуужингийн хамгаалалтын системээ байрлуулсан талаар хэвлэлүүд мэдээлжээ. Москвагийн дээрх алхам Токиогийн уурыг багагүй хүргэсэн аж.

ОХУ-ын батлан хамгаалахын Зведа ТВ суваг Оросын эзэмшилд байдаг ч Японы булаацалддаг дөрвөн арлын нэг дээр баллистик пуужин болон агаарын довтолгооноос хамгаалах зориулалттай пуужингийн систем байрлуулсан талаар мэдээлжээ.

Зведа ТВ “Богино зайн, агаарын довтолгооноос сэргийлэх системийг аль хэдийн Сахалин мужийн Итуруп арал дээр суурилуулсан. Харин саяхан хүнд их буунууд байрлуулж дууслаа. Агаараас хамгаалах системийг С-300В4 хэмээн нэрлэдэг” хэмээн мэдээлсэн байна.

Хоёрдугаар дайны сүүл үед ЗХУ дээрх дөрвөн арлыг эзэмшилдээ авч, өмнөд Курилын арлууд хэмээн нэрлэсэн юм. Гэвч маргаанаас болж олон жилийн турш хоёр тал албан ёсоор тохиоролцон, энхийн гэрээ байгуулаагүй хэвээр байгаа билээ.

Японы Хоккайдогоос Оросын Камчатка хүртэл тогтоцтой, стратегийн чухал ач холбогдол бүхий дээрх арлуудад Токиогийн зүгээс онцгой анхаарал хандуулдаг бөгөөд ОХУ-ын аливаа үйлдэлд тун эмзэг ханддаг юм.

Өмнө нь аравдугаар сард Москва тус арлууд дээр тулааны бус, сургуулилалтын зориулалттой пуужингийн систем байрлуулахаа мэдээлсэн билээ.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү