Их Британи, ЕХ хоёр талын худалдааны гэрээний бүх нөхцөлийг тохиролцжээ

Brexit”-ийн дараах харилцаа, чөлөөт худалдааны талаар Европын Холбоотой /ЕХ/ зөвшилцөлд хүрлээ гэж Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон пүрэв гарагт твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

“Гэрээ байгууллаа” гэж Их Британийн Засгийн газрын тэргүүн бичээд хоёр гараа дээш өргөн эрхий хуруугаа гозойлгож буй зургаа хавсаргажээ.

Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен мөн Их Британийг ЕХ-ноос гаргах үйл явц дууссаны дараах түншлэлийн асуудлаар талууд зөвшилцөлд хүрснийг мэдээлсэн байна.

“Бид тохиролцоонд хүрсэн. Ингэснээр Их Британи, ЕХ хоорондын гол хэлхээ холбоо тасалдахгүй болж байна. Түүнчлэн нэгдсэн зах зээлд шударгаар оролцох боломжийг олгож, загас агнуурын аж ахуй эрхлэх тэнцвэртэй нөхцөл бүрдлээ” гэж тэрбээр мэдэгджээ. “Их Британитай шударга, тэнцвэртэй гэрээ байгууллаа. Энэ хэлэлцээрийн төлөө тэмцэх хэрэгтэй байсан. Энэхүү хэлэлцээр ЕХ-ны ашиг сонирхлыг хамгаалахын зэрэгцээ шударга өрсөлдөөнийг баталгаажуулж, манай загасчдын хувьд урьдаас таамаглах боломжийг олгоно” гэж Европын Комиссын дарга нэмж дурдав.

Хоёр талын худалдааны хэлэлцээрийн бүх нөхцөлийг зөвшилцсөн тухай өмнө нь “Bloomberg”, “Reuters”, “PA” агентлагууд Их Британийн Засгийн газрын төлөөлөгчдийн мэдээллээс иш татан уламжилжээ.

“Brexit”-ийн дараах шилжилтийн үе дуусах нэгдүгээр сарын 1-нээс өмнө талууд зөвшилцөж чадсан гэрээг одоо ЕХ-ны Зөвлөл болон Их Британийн Нийтийн танхим батлах ёстой юм.

Их Британийн улс төрийн тоймчдын үзэж байгаагаар, эрх баригч Консерватив нам дахь хамгийн ширүүн евроскептикүүд Жонсоны танхим Брюссельд хэт их буулт хийсэн гэж үзвэл уг төслийг эсэргүүцэж магадгүй байна. Гэсэн хэдий ч тэд Засгийн газрын төлөвлөгөөг тасалдуулах магадлал тун бага байгаа аж.

Шилжилтийн үе дууссаны дараа Их Британийн эдийн засгийн онцгой бүсэд загасчлах квот хуваарилах үндсэн чухал асуудалд Лондон буулт хийснээр харилцан буулт хийх боломжтой болсон гэж “Reuters” агентлаг мэдээлсэн байна. Их Британийн тал эхэндээ загас агнуурын салбарынх нь квотыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэхийг шаардаж байсан боловч гэрээ байгуулахын тулд шаардлагаа зөөлрүүлэхээр шийджээ.

Сэтгэгдэл үлдээх