Нүүр хуудас Мэдээ Англид хатуу хөл хорио тогтоолоо

Англид хатуу хөл хорио тогтоолоо

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

Их Британийн бүрэлдэхүүн Англид коронавирусийн халдварын тархалт эрс нэмэгдсэнтэй холбогдуулан хатуу хөл хорио, хорио цээрийн дэглэм тогтоох шийдвэрийг эрх баригчид гаргалаа. Зөвхөн зөвшөөрөгдсөн шалтгаанаас бусад тохиолдолд Английн иргэн бүр долоон долоо хоногийн турш хоёрдугаар сарын дунд хүртэл гэрээсээ гарах хориотой болж байна. Энэ мягмар гарагаас эхлэн бүх сургууль, коллежийн оюутан сурагчдыг амраах бөгөөд цахим сургалтыг идэвхжүүлнэ.

Нэгдүгээр сарын 4-ний өдрийн байдлаар Английн эмнэлэгт 26,626 коронавирусийн халдвартай өвчтөн байгаа нь долоо хоногийн өмнөхөөс 30 хувиар өссөн үзүүлэлт юм. Дөрөвдүгээр сарын 12 буюу цар тахлын эхний давлагааны үед 18,374 хүн эмнэлэгт хэвтэж байснаас 40 хувиар илүү ажээ. Одоогоор Их Британи даяар 91,453 хүн коронавирусээр нас барсан бөгөөд энэ сарын эцэс гэхэд 100,000-д хүрч болзошгүй гэдгийг шинжээчид анхааруулж байна.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон хатуу хорио цээрийн дэглэм тогтоох ирэх долоо хоногуудад халдварын тохиолдол эрс нэмэгдэх ба иргэдийн хувьд хамгийн хүнд үе байх болно гэдгийг анхааруулжээ. Коронавирусээс урьдчилан сэргийлэх тарилга хийлгэх нэн шаардлагатай дөрвөн бүлгийн хүмүүст ирэх сарын дунд гэхэд вакцин тарьж дуусна гэж Британийн Засгийн газар төлөвлөж байна.

Английн нутаг дэвсгэрээс улбаатай коронавирусийн мутацид орсон шинэ хувилбар Их Британи даяар хурдацтай тархаад зогсохгүй дэлхийн 40 орчим оронд бүртгэгдээд байгаа юм. Их Британи даяар долоо дахь хоногтоо дараалан коронавирусийн халдварын 50,000-аас дээш тохиолдол шинээр бүртгэгджээ.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү