Нүүр хуудас Мэдээ Испанид их хэмжээний цас орж, дөрвөн хүн нас баржээ

Испанид их хэмжээний цас орж, дөрвөн хүн нас баржээ

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

Испани улсад өнгөрөгч бямба гарагт ер бүсийн цасан шуурга болж, их хэмжээний цас орсноор дор хаяж дөрвөн хүн ​​амиа алдан, олон мянган хүн автомашин, галт тэрэгний буудал, нисэх онгоцны буудалд гацжээ.

Тус улсын Үндэсний цаг уурын агентлагийн мэдээлснээр бямба гарагийн өглөөний 07:00 цагийн байдлаар Мадрид хотод орсон цас сүүлийн 50 жилд үзэгдээгүй их хэмжээнд хүрсэн байна. Испанийн нийслэлд орсон цас 50 см-ээс давсан аж.

Андалуси өөртөө засах нийгэмлэгийн Онцгой байдлын алба Фуенгирола хотын ойролцоо үерт автсан голын усанд автомашинтайгаа урссан эрэгтэй, эмэгтэй хоёр хүний цогцсыг гаргаж авсан байна. Мөн Мадрид хотод их хэмжээний цасан дороос 54 настай эрэгтэйг олсон бөгөөд тэрээр нас барсан байсныг тус улсын Дотоод хэргийн яам мэдээлжээ. Харин хойд нутгийн Сарагоза хотод орон гэргүй нэг хүн хөлдөж үхсэн тухай орон нутгийн цагдаагийн хэлтэс мэдэгдсэн юм.

Албаныхан Испанийн мужуудын талаас илүү хувьд нь цаг агаарын ноцтой байдал зарласан байна. Мадрид хотын эрх баригчид улаан дохиоллын системийг ашиглаж эхэлснээсээ хойш 40 жилийн дараа анх удаа идэвхжүүлэн, хот даяар тээврийн хэрэгсэлдээ гацсан иргэдийг аврахыг цэрэг армидаа үүрэг болгожээ.

Бямба гарагийн орой гэхэд тус улсын Аюулгүй байдлын алба тээврийн хэрэгсэлдээ гацсан бүх иргэн буюу 1,500 гаруй хүнийг аварсан болохыг Дотоод хэргийн сайд Фернандо Гранде-Марласка мэдэгдсэн юм.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү