Clubhouse аппликейшны ерөнхий захирал Пол Дэвисон өөрийн Twitter хуудсандаа шинээр нэвтрүүлэхээр зэхэж буй «Clubhouse Creators First» төслийн талаар мэдэгдэл хийлээ. Энэхүү программ нэвтэрснээр «creator» болон «host» нарт өөрсдийн гэсэн хүрээлэл үүсгэх, брэндүүдтэй хамтран ажиллах, хамгийн гол нь аппаас цалинжих боломж нээгдэх юм.
Тус төслийн туршилтын шатны үйл ажиллагааны хүрээнд нийт 20 «creator» сонгох нээлттэй шалгаруулалт явуулж байгаа бөгөөд анкетыг 3 сарын 31-ны өдөр хүртэл авах юм байна. "Clubhouse Creator First" программыг 3 дугаар сарын 17-ны өдөр болох аппликейшны нэг жилийн ойд зориулан бүтээжээ. Мөн тус апп-д цөөнгүй тохиргоонууд шинээр нэмэгдсэн байна. Үүнд:
- Клубууд уруу болон өөрийн нүүр хуудсандаа линк хуваалцах боломж;
- Хэрэглэгчид ямар хэлээр хэлэлцүүлэг өрнүүлмээр байгааг тодорхойлох хэлний фильтр тохиргоо;
- Апп-д нэгдэх урилга явуулахдаа зөвхөн утасны жагсаалтад урьдчилан хадгалсан дугаарыг сонгодог байсан бол одооноос эхлэн хадгалах шаардлагагүйгээр шууд бичиж оруулах боломжтой болжээ.
Одоогоор тус аппликейшнд зөвхөн урилгаар элсэх боломжтой байгаа бөгөөд Android үйлдлийн системд нэвтрээгүй хэвээр байна. Гэвч энэхүү үзүүлэлтүүд нь компанийн 1 тэрбум ам.долларын үнэлгээг буулгахад нөлөө үзүүлэхгүй байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх