Европын зарим улс орон Оксфорд-АстраЗенекагийн вакциныг цусанд бүлэгнэл үүсгэж байж болзошгүй гэж үзэн хэрэглэхээс татгалзаад байсан юм. Тэгвэл зарим улс уг вакциныг аюулгүй гэж үзсэн тул үргэлжлүүлэн дархлаажуулалтад ашиглаж эхэллээ.
Европын эм бэлдмэлийн агентлаг хуралдаж тус вакциныг аюулгүй, үр дүнтэй гэж дүгнэсэн байна. Мөн цөөн иргэдийн цус бүлэгнэсэн нь тус вакцинтай холбоогүй гэж үзжээ.
Европ тивийн 13 улс коронавирусийн эсрэг дархлаажуулалтад АстраЗенека вакциныг ашиглахаа түр зогсоогоод байсан бол эм бэлдмэлийн агентлагийн уулзалтын дараа Герман, Франц, Итали, Испани улсууд эргүүлэн хэрэглэж эхэллээ. Харин үлдсэн улс орнууд тус вакциныг эргүүлэн хэрэглэх эсэхээ шийдэхэд дахин хэд хоногийн хугацаа шаардлагатай байна гэжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс АстраЗенека аюулгүй тул улс орнуудын вакцинжуулалтаа үргэлжлүүлэхийг уриалсаар байгаа. Өнөөдөр тус байгууллага вакцины аюулгүй байдлын талаар мэдээлэл өгөхөөр зэхэж байна.
Сэтгэгдэл үлдээх