Бүх нийтийн хөл хориог тавьсангүйн шалтгааныг иргэд янз бүрээр хүлээж авсан. Үнэний голтой нь гэвэл ирэх ерөнхийлөгчийн сонгуулиар хөл хорионы хор уршиг ард иргэдийн бухимдлаар илэрхийлэгдэх учраас улс төрчид иргэдээ бус улсаа тухайлбал намаа бодсон хэрэг. Намын эрх мэдэл төрийн толгойд буй. Төр гэдэг монголын хувьд нэг нам болсон. Тэд л иргэдийг энэ хүртэл туйлдуулж ЖДҮ сангаас эхлээд боломжит бүгдийг хувхайлдаг бусармаг арга барилтай.
МАН бол уулаасаа коммунист, большевик угшилтай нам байсан. Анх 1917 онд большевик намын удирдагч В.И.Ленин засгийн эрх аваад жирийн ард түмэнд өчнөөн сайхан зүйлүүдийг амлаж удалгүй тэр нь хий хоосон зүйл болон замхарсныг мэдэх нэг нь мэднэ. Үүний нэгэн адил Германы Нацист намын тэргүүн Адольф Гитлер ч мөн адил засгийн эрх аваад ард түмэндээ маш олон сайхан зүйлийг амлаж удалгүй тэр нь дайн дажин болон хувирч улс орон нь бүрмөсөн сүйрсэн. Тэгвэл яг үүнтэй адил зүйл өнөөдөр Монголд өрнөж байна.
Саяхан Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлаа хүлээж аваад “Өглөө гүйдэг үндэстэн больё, охид эмэгтэйчүүдийг цэрэгт явуулна, удахгүй Монгол улс 400 сая жуулчин гаднаас хүлээж авна” гэх мэт зүйл ярьж баахан олон түмний доог тохуу боллоо. Түүний хэлж буй дээрх үгс инээд хүрмээр гэхээсээ илүүтэй популист шинж чанартай байсныг улс төрийн хүрээнийхэн онцолж байв. Өмнө нь Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх ч мөн адил иймэрхүү зүйл ярьж олон түмний дунд “Поп У.Хүрэлсүх” гэсэн хоч авч байсан. Тэгвэл энэ удаа түүний халааг авсан шинэ Ерөнхий сайд маань өмнөх Ерөнхий сайдыгаа тэр чигээр нь хуулсан гэлтэй сав л хийвэл янз бүрийн жигтэй зүйл ярьж олон түмний инээдийг хүргэдэг боллоо.
Үүнээс өмнө нь тэрээр Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр гэгчийг гаргаснаа зарлаж бөөн шуугиан дэгдээж байлаа. Түүний гаргасан хөтөлбөрийг олон хүн “мөрөөдлийн хөтөлбөр” хэмээн үзэж байгаа. Учир нь эрх баригч МАН сонгууль болгоноор сүртэй мөрийн хөтөлбөр гаргаж түүнийгээ бодит зүйл болгоно хэмээн зарладаг ч өнгөрсөн хугацаанд түүнээс ганц нь ч биелж байсангүй. Тийм болохоор Л.Оюун-Эрдэнийн яриад байгаа “Алсын хараа–2050” гэх хөтөлбөрийг улс амьтан мөрөөдлийн хөтөлбөр гэж нэрлэхээс аргагүй.
Л.Оюун-Эрдэнэ бол өөрөө эрийн сайндаа Ерөнхий сайд болчихоогүй. Яагаад гэвэл хэрвээ МАН-ын дарга, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх худлаа хэлж суудлаасаа огцроогүй байсан бол тэрээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын ажлаа хийгээд л явж байх байсан. Харин хувь заяаны тохиолоор У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийдэж, сандал суудлаа өөрийн итгэлтэй хүн гэгдэх Л.Оюун-Эрдэнэд шилжүүлж өгсөн.
Өнөөдөр Монголд улс төрийн эсрэг тэсрэг хоёр хүчний томоохон тулаан өрнөж байна. Энэ тулааны нэг фронтыг МАН-ын дарга У.Хүрэлсүх удирдаж байгаа бол нөгөө фронтыг өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга удирдаж байгаа. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бол энэ тулаанд намын дарга У.Хүрэлсүхийнхээ даагавраар оролцож байгаа нь хэдийнэ ойлгомжтой болсон.
Тэрээр саяхан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад илгээсэн ч Ерөнхийлөгч хүлээж аваагүй. Тэр утгаараа Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр монголын улс төрчдийн томоохон тоглоомын өчүүхэн жижиг хэсгээс өөр хэн ч биш гэдэг нь тодорхой болж байна. Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүний тухайд хэлэхэд тэрээр өнөөдөр авлигажсан тогтолцоот Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байгаа нэгэн. Тийм болохоор “Харвард”-ын боловсролтой гэгдэх Л.Оюун-Эрдэнээс юу ч хүлээгээд нэмэргүй. Учир нь монголчууд эрх баригч МАН-ыг Л.Оюун-Эрдэнэ шиг залуус өөрчилчихнө гэж бодож байгаа бол том эндүүрч байна. Өнөөгийн монголын улс төрийн гажуудал бол хүндээ биш системдээ байгаа юм.
Монголд ардчилал хөгжиж бэхжихгүйгээр хэчнээн Л.Оюун-Эрдэнэ байгаад ямар ч нэмэргүй. Тиймээс У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар намаа үнэхээр шинэчлэе гэж байгаа бол намдаа том хэмжээний цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Тэгж байж нам нь өөрчлөгдөж, Монгол орон авлигаас ангид, ардчилсан системтэй улс болж хөгжинө. Тэгээгүй цагт энэ тухай ярихын ч хэрэггүй. Харин тэр болтол шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маань “шүдгүй арслан” хэвээр үлдэнэ. Яагаад гэвэл одоохондоо хамаг эрх мэдлийг намын дарга У.Хүрэлсүх гартаа атгаж байгаа.
Ж.Батдорж
Сэтгэгдэл үлдээх