Хорт хавдрыг ялж, Олимпийн эрх авсан “жараахай”

Усанд сэлэлтийн 4×100 метрийн төрлөөр ирэх зуны Токио-2020 олимпийн наадамд өрсөлдөх эрх авсан Японы тамирчин Рикако Икээг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа онцолж байна. Тэрбээр хоёр жилийн өмнө цусны хорт хавдраар оношлогдсон ч өвчнөө ялж, хүн төрөлхтний эв нэгдлийн спортын их наадамд оролцох эрхтэй болсон түүний тэсвэр тэвчээрийг бахдаж байна.


Өдгөө 20 настай Рикако Икээ Японы олимпийн эрх олгох 100 метрийн эрвээхэй сэлэлтийн тэмцээнд өнгөрсөн Ням гаригт 57.77 секунд амжилт үзүүлснээр ялалт байгуулжээ. Тэрбээр “Би ялж чадсандаа үнэхээр баяртай байна. Гэхдээ бас гайхсан” хэмээн тэмцээний дараа сэтгэгдэлээ хуваалцжээ. Рикако Икээ 10 сарын турш эмнэлэгт цусны хорт хавдрын эсрэг эмчилгээ хийлгэснийхээ дараа өнгөрсөн 2020 оны гуравдугаар сард бэлтгэлдээ эргэн орсон аж. Тэрбээр 406 хоногийн дараа анх удаа бассейнд эргэн ирсэн нь энэ байв. Бэлтгэлдээ эргэж орохдоо тэрбээр “Амьд байгаа минь л гайхамшиг” хэмээн ярьж байжээ. Тухайн үед тэрбээр 2024 онд болох Парисын олимпт оролцох зорилготой байв.

Бэлтгэлээ сэргээсний дараа тэрбээр энэ оны хоёрдугаар сард Токиогийн нээлттэй тэмцээнд 50 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд түрүүлсэн нь чамлахааргүй амжилт байв. Тэмцээний дараа Рикако Икээ хэлэхдээ “Би юу болоод өнгөрснийг үнэндээ сайн ойлгохгүй байна. Би зүгээр л өмнө нь ийм зүйл мэдэрч байсангүй. Би дахин эрвээхэй сэлж чадна гэж ч боддоггүй байсан. Магадгүй миний хувьд одоо зөвхөн 100 метрийн чөлөөлт сэлэлт л боломжтой гэж бодсон. Би зүгээр л чадна гэдэгтээ итгэлгүй байсан. Би чадсан юм чинь дараагийн зорилго маань Олимп байх болно” хэмээн мэдэгдэж байв. Үнэхээр ч тэрбээр зорилгоо биелүүлж Олимпийн наадамд өрсөлдөх эрхээ авч чадлаа.

Токиогийн 2020 оны зуны Олимпийн наадам Covid-19 цар тахлаас болж нэг жилээр хойшилсон нь ч Рикако Икээд завшаан болжээ. Учир нь тэрбээр заавал 2024 оны Парисын олимпийг хүлээх шаардлагагүй болсон юм.

Цусны хорт хавдраар оношлогдохоосоо өмнө Рикако Икээ өсвөрийн усан сэлэлтийн ирээдүйтэй тамирчин гэгдэж байв. Тэрбээр 50 метрийн чөлөөлт сэлэлт, 100 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд Японы үндэсний рекордыг эзэмшдэг. Мөн 2018 онд Жакартад болсон Азийн наадмаас зургаан алт, хоёр мөнгөн медаль хүртсэн чадварлаг тамирчин юм. Тэрбээр 2016 оны Рио-де-Жанейрогийн олимпт 100 метрийн эрвээхэй сэлэлтэд зургадугаар байранд оржээ.

Түүнийг өвчнөө ялж, бахдам амжилт үзүүлсэнд Олон улсын Олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах “Олимпийн тамирчид хэзээ ч бууж өгдөггүй. Хоёр жилийн өмнө цусны хорт хавдраар оношлогдсон ч хүнд өвчнийг ялж, Токиогийн Олимпод оролцох эрхтэй болсон Рикако Икээд баяр хүргэе. Чамтай Токиод уулзахыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн Твиттерт жиргэжээ.

Мөн Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо “Цусны хорт хавдрыг ялж, Олимпод оролцох болсон Икээд чин сэтгэлээсээ баяр хүргэе. Чамаас ямар аугаа хүч, хичээл зүтгэл гарсныг би зөвхөн төсөөлж л чадна. Чи чадлаа. Чамд амжилт хүсье” хэмээн мэдэгджээ.

Рикако Икээ 2015 онд Сингапурт болон өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 50, 100 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд алтан медаль хүртсэнээр ирээдүйтэй тамирчин гэдгээ батлан харуулж байв. Дараа жил нь тэрбээр Китажима цомд оролцохдоо 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд 53.99 секундын амжилт үзүүлснээр Японы үндэсний рекордыг тогтоосон аж. Мөн Конами цомд 50 метрийн чөлөөт сэлэлтийн төрлөөр 24.74 секундын амжилт үзүүслэн нь үндэсний болон дэлхийн рекордыг тогтоожээ.

Тэрбээр 2019 оны хоёрдугаар сарын эхээр Австрали улсад гурван долоо хоногийн бэлтгэлд гарч байхдаа бие нь анх өвджээ.  Тэр даруй Японд буцаж ирэн, эмнэлэгт үзүүлэхэд цусны хорт хавдраар оношлогдсон аж.

Рикако Икээ 2000 онд Токиод төржээ. Тэрбээр гурван настайгаасаа эхлэн усанд сэлэлтээр хичээллэж эхэлсэн ба таван нас хүрэхдээ сэлэлтийн дөрвөн төрлөөр хичээллэж сурсан байв. Харин спортын гараагаа 2014 оны гуравдугаар сард 13-14 насны бүлгийнхний тэмцээнд 50, 100 метрийн чөлөөлт сэлэлтийн төрөлд алтан медаль авснаар эхлүүлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Udmprd

lipitor usa <a href="https://lipiws.top/">atorvastatin 40mg brand</a> buy lipitor for sale