Энэтхэг улсад цар тахлын хоёр давлагаа эхэлж, халдварын нөхцөл байдал хүндэрснээс болж тус улсад оршин суугаа гадаадын иргэд нутаг буцах хүсэлт гаргаад байгаа юм.
Тэгвэл БНЭУ-д суралцах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, арилжааны болон албан хэргээр очсон Монгол улсын 1000 орчим иргэн байсан аж. Өнгөрсөн 2020 онд иргэдийн хүсэлтийн дагуу дөрвөн удаагийн, 2021 онд хоёр удаагийн тусгай нислэг зохион байгуулж, 700 гаруй иргэн эх орондоо иржээ.
Харин одоогийн байдлаар 280 монгол иргэн Энэтхэг улсад байгаа бөгөөд 20 гаруй иргэн эх орондоо буцах хүсэлтээ гаргажээ. Эдгээр иргэдийн олонх нь буюу 270 гаруй нь бурхны шашны ном үздэг, хэд хэдэн газар хийдэд шавилан сууж байгаа юм.
Энэтхэг улс дотооддоо 160 сая орчим иргэнээ коронавирусийн эсрэг вакцинд хамруулаад байгаа бол долдугаар сарын 1-нээс гадаадын иргэдийг вакцинжуулахаар төлөвлөсөн байна.
Сэтгэгдэл үлдээх