Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай 2021 оны зургадугаар сарын 1-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийв.
Гадаад харилцааны сайд нар хэлэлцээний үеэр хоёр талын харилцаа, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцжээ. Сайд нар Монгол, Оросын харилцааны өнөөгийн явцыг дүгнэж, харилцааны хөгжлийн цаашдын төлөвлөлтийн талаар, тэр дундаа ойрын хугацаанд хэрэгжүүлэх өндөр, дээд түвшний харилцан айлчлал, тэргүүлэх чиглэлүүдэд хэрэгжүүлж буй томоохон арга хэмжээ, төслүүдийг урагшлуулах талаар санал солилцсон байна.
Сайд нар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хамтарсан төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг ярилцаж, оны үлдсэн хугацаанд холбогдох арга хэмжээг хоёр талаасаа өндөр ач холбогдол өгч хэрэгжүүлэхээр тохиролцжээ.
Мөн сайд нар хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэх боломжийн талаар санал солилцсон байна. Тухайлбал, ОХУ, БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолойг барих төслийн судалгааны ажил цар тахлын нөхцөлд ч амжилттай урагшилж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлжээ.
Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төмөр замын суурь бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт хийх чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тогтсон байна.
Боловсрол, соёл урлаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар тодорхой тохиролцоонд хүрлээ. Тухайлбал, Улаанбаатар хотод Монгол, Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургууль байгуулах ажлыг ойрын хугацаанд эрчимжүүлэхээр тогтжээ.
Манай хоёр улс олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд ойр дотно хамтран ажиллаж ирсэн уламжлалаа цаашид ч идэвхтэй үргэлжлүүлэхээр санал нэгдсэн байна.
Гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийсний дараа хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэлд мэдээлэл өгчээ.
Сэтгэгдэл үлдээх