Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өчигдөр болсон. Нэ үеэр талбай дээр жагсаалд оролцож байсан алба хаагч ухаан алдаж унасан, улмаар нас баржээ гэх мэдээлэл сошиал орчинд хурдтай тархсан. Тэгвэл ХХЕГ-аас өчигдөр орой мэдэгдэл хүртэл гаргав.
Тус мэдэгдэлд “ Жагсаалд оролцож байсан цэргийн алба хаагч ухаан алдаж унаагүй, амь насанд нөлөөлөх ямар нэгэн асуудал үүсээгүй болно.Энэ талаар худал мэдээлэл санаатайгаар тараасан байгууллага, хувь хүмүүсийг хуулийн байгууллагаар шалгуулж зохих хариуцлага тооцох болохыг мэдэгдье” хэмээсэн юм.
Тэгвэл бид ухаан алдаж унасан гэх ахлагч цолтой Г.Буянбаттай холбогдож дараах тодруулгыг авлаа.
-Сайн байна уу. Өчигдөр таныг талбай дээр ухаан алдаж унасан гэх мэдээлэл гарсан. Яг юу болсон юм бэ?
-Би Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцсон. Талбай дээр жагсаад, Ерөнхийлөгч яг гарч ирээгүй байсан. Гэнэт утас дуугараад эхнэр залгасан. Манай эхнэр төрөх дөхсөн байсан юм. Төрөх хоног нь хэтрээд 4 хоночихсон байсан. “Өвдөөд байна хайраа” гэхээр нь сандраад, утсаа унагачихсан.
-Тэгээд утсаа авах гэж доошоо суусан юм уу?
-Утасны батерей нь салаад уначихсан. Доошоо суугаад утсаа бөөгнүүлж авсан юм. Бичлэгээ би өөрөө үзсэн л дээ. Сайтуудаар сонин мэдээллүүд тавигдаад байна. Дээшээ боссоны дараа Еөнхийлөгч гарч ирээд үгээ хэлээд бүх зүйл болж дууссан.
-Жагсаалын дараа эхнэр рүүгээ яарсан уу?
-Тэгэлгүй яах вэ. Гэртээ харьж эхнэрээ аваад “Өргөө” амаржих газар авч ирээд амаржуулсан. Тэгээд сайхан хүүтэй боллоо. Одоо эхнэртээ шөл, цай зөөгөөд явж байна.
-Та энэ талаар хэзээ мэдэв?
-Өчигдөр эхнэрээ төрүүлэх гээд өдөржин завгүй гүйсэн. Үдээс хойш хүмүүс утасдаад эхэлсэн. Дарга нар над руу яриад , бие чинь зүгээр үү гээд санаа зовцгоосон байсан. Намайг нас барлаа гэж хүртэл бичсэн байсан. Инээд ч хүрэх шиг. Сонин л мэдрэмж төрдөг юм байна.
Сэтгэгдэл үлдээх