Агаарын бохирдол дундаж наслалтыг 40 орчим хувиар буюу есөн жилээр богиносгодог талаар Чикагогийн их сургуулийн Эрчим хүчний бодлогын хүрээлэнгээс гаргасан тайланд онцолжээ. Тус тайланд Энэтхэгийн төв, зүүн, хойд хэсэгт орших өргөн уудам нутагт, түүний дотор нийслэл Шинэ Дели хотод амьдардаг 480 сая гаруй хүн хамгийн бохир агаараар амьсгалдаг тухай тодотгожээ.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, Энэтхэгийн агаарын бохирдол газарзүйн хувьд өргөжсөн байна. Тухайлбал, баруун нутгийн Махараштра болон Мадхья Прадеш мужийн агаарын чанар сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц муудсан байна. Тус улс 2024 он гэхэд 102 хотын агаарын бохирдлыг 20-30 хувиар бууруулах, үйлдвэрлэлийн болон тээврийн хэрэгслийн утааг багасгахаар зорьж байгаа юм.
Дели дэлхийн хамгийн агаарын бохирдлтой хотуудын жагсаалтыг гурав дахь жилдээ тэргүүлж байгаа юм. Өнгөрсөн жил Энэтхэгийн Засгийн газар цар тахалтай холбоотойгоор хөл хорио тогтоосноор агаарын чанар харьцангуй сайжирсан байна. EPIC -ийн судалгааны дүнгээс үзвэл Энэтхэгийн хөрш Бангладешт агаарын чанар сүүлийн үед мөн муудсаар байгаа аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санал болгож буй түвшинд хүртэл агаарын чанараа сайжруулбал дундаж наслалтаа 5.4 жилээр нэмэгдүүлэх боломжтой ажээ.
Сэтгэгдэл үлдээх