Улсын бүртгэлийн ерөнхий газар дөрөвдүгээр сарын 1-нээс сонгууль дуустал сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудаст байршуулж эхэлжээ.
Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т зааснаар Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг, эхийн болон өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороогоор болон хэсэг нэг бүрээр нэгтгэн гаргасан. Өөрөөр хэлбэл, тухайн иргэний овог нэр, нас хүйс, үндсэн хаяг болон хаяг дээрээ байгаа эсэх, сонгуулийн тойрог, хэсэг, санал өгөх байрыг заана. Мөн тухайн хаяг дээр бүртгэлтэй иргэдийн тоог харуулна. Сонгогчид нэрийн жагсаалтаа https://election.burtgel.gov.mn/ цахим хаягаар нэвтэрч орно.
Нэвтрэхдээ регистрийн дугаар, оршин суугаа хаягийнхаа мэдээллийг оруулна. Ингэснээр таны нэрийн жагсаалтын мэдээлэл гарч ирнэ. Энэхүү мэдээлэлд таны хувийн мэдээллээс гадна сонгуульд санал өгөх тойргийн дугаар, хэсгийн дугаар, санал өгөх байрны хаяг зэрэг мэдээлэл гарч ирэх юм. Хэрэв таны хувийн болон бусад мэдээлэл зөрүүтэй байвал “Мэдээлэл зөрүүтэй” хэсэг рүү нэвтэрч, бүртгэлээ засуулах хүсэлт гаргах боломжтой.
Иргэд сонгогчдын нэрийн жагсаалтад өөрийгөө байгаа эсэхийг нягтлахаас гадна дээр хэлсэн тойрог, хэсэг, санал өгөх байраа тодорхой мэдэж авна. Үүнээс гадна манай хаягт танихгүй хүмүүс байна гэх яриа гардаг шүү дээ. Өөрийнхөө хаягийн бүртгэл дээр хэн хэн бүртгэлтэй байгааг нягтлан шалгах, ингэснээр хаягийн давхардлыг арилгах, хэрэв жагсаалтад бүртгэгдээгүй бол бүртгүүлэх зэрэг боломжийг иргэнд олгох юм. Бүртгэлтэй иргэдийн тоо гэсэн цэсийг дарж орсноор хэн гэдэг хүн танай хаяг дээр байгааг мэднэ. Хэрвээ мэдээлэл зөрүүтэй байгаа бол зөрүүтэй мэдээллийн ард байрлах товчийг дарж, хүсэлтээ гаргах юм.
Өөрөөр хэлбэл, иргэн сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой гомдлоо улсын бүртгэлийн байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх хуулийн зохицуулалттай гэсэн үг. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд “Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгасан байвал зохино” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, сонгогчид нэрийн жагсаалтад өөрийгөө байгаа эсэхийг нягтлахаас гадна тойрог, хэсэг, санал өгөх байраа тодорхой мэдэж авах үүрэгтэй.